БАЯНХОНГОР: Томуугийн шалтгаант өвчлөл буурахгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд томуугийн өвчлөл өмнөх 7 хоногоос 1.5 хувь, урьд оны мөн үеэс 1 хувь, сүүлийн гурван жилийн дунджаас 2 хувиар нэмэгджээ.
Томуугийн халдвар нь өндөр халуурах, толгой өвдөх, булчин, үе мөч хөндүүрлэж бие тавгүйрхэх, хоолой өвдөх, нус гоожих, хий ханиалгах, бөгшүүлж ханиах, хоолой сөөх, хоолой бачуурах шинж их байгаа тул эмчид эрт үед нь хандахыг мэргэжлийнхэн зөвлөв.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн 62.7 хувь нь томуугийн шалтгаант байгаа нь өмнөх 7 хоногоос 13 шахам хувиар нэмэгдсэн дүн аж. Амьсгалын замын халдварт өвчнөөр өвчлөгсдийн 81 хувь нь 15 хүртэлх насныхан, үүнээс бага нас буюу 4 хүртэлх насныхан байгаа нь асран хамгаалагчийн анхаарал халамжаас хамааралтай байгааг албаныхан онцолж байна. Томуугийн дэгдэлтийн энэ үед урьдчилан сэргийлэлт, хүүхдийн асаргаа, сувилгаа нэн чухал байгаа тул зөвлөмжийг хүргүүллээ.
Өдөр тутмын амьдралдаа эрүүл зан үйлийг дадал болгосноор амьсгалын замын халдварт өвчнүүдээс сэргийлэх гол үндэс байдаг байна. Тодруулбал, Томуугийн вирус 1-2 өдөр гадаргуу дээр амьдрах чадвартай байдаг тул орон гэр, ажлын байр, үйлчилгээний байгууллагад тогтмол, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг хийж хэвшихээс урьдчилан сэргийлэлт эхэлнэ. Мөн аминдэм, эрдэс бодис, эслэг, уураг, антиоксидантаар баялаг хүнс хэрэглэх нь дархлааг дэмжин, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай.
Улирлын томуугийн эрсдэл их үед дархлаагаа сайтар дэмжих
• Хангалттай нойр авах – 7-9 цаг бүтэн нойр авах
• Эрүүл хүнс хэрэглэх - “Гэр” зөвлөмжийн дагуу зөв зохистой хооллох
• Амин дэм уух – С, Д амин дэмийг урьдчилан сэргийлэх тунгаар хэрэглэх
• Тогтмол агаар сэлгэлт хийх - 15 минут тутамд агаар сэлгэлт хийх
• Тогтмол халуун бүлээн ус уух – Дунджаар 2 литр ус ууснаар таны дархлаа дэмжигдэж бодисын солилцоо сайн явагдахад тусалдаг.
• Дасгал хөдөлгөөн хийх - өдөрт 10 мянган алхам хийх
• Тайван байх - стресс ядаргаа таны дархлааг бууруулж ханиад томуугаар өвчлөх, өвчин илааршихгүй байхад нөлөөлдөг.
• Хорт зуршлаас татгалзах – Архи, тамхи нь дархлаа бууруулахаас гадна дам тамхидалтад өртөж буй таны гэр бүлийн гишүүдийн ханиад томуу хүндэрдэг тухай олон улсын судалгаанууд нотолсон байдаг.
• Томуугийн вакцинд хамрагдах – Улирлын томуугийн вакцин өвчлөлөөс 60 орчим хувиар хамгаалдаг.
Хэрэв танд томуугийн шинж тэмдэг илэрвэл үзлэгт хамрагдаж, эмчээс зөвлөгөө авч, эм бэлдмэлийг жорын дагуу цаг тухайд нь ууж хэвшээрэй.