Сөүл хотын захиргаа төрөлтийг дэмжих төсөлд 1.8 их наяд вон зарцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-02-06 17:54:16

СӨҮЛ, 2024 оны хоёрдугаар сарын 6 /Yonhap/. Төрөлт буурч байгаатай тэмцэх зорилгоор төрөлтийг хөхиүлэн дэмжих шинэ төслийн хүрээнд хүүхэд төрүүлж өсгөхөд нь иргэдэд санхүүгийн тусламж үзүүлэхэд ойролцоогоор 1.8 их наяд вон /1.35 тэрбум ам.доллар зарцуулна гэж Сөүл хотын захиргаа өнөөдөр мэдэгдлээ.


Өмнөд Солонгост төрөлтийн түвшин (нэг эмэгтэйн амьдралынхаа туршид төрүүлсэн хүүхдийн дундаж тоо) 2022 онд 0.71-д буюу шинэ доод цэгт хүрсэн нь тус улсын хүн амын тоог 51.5 саяас бууруулахгүй байлгахад шаардлагатай 2.1 гэсэн үзүүлэлтээс хамаагүй доогуур байгаа энэ үед дээрх төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.


Сөүлд тухайн онд төрөлтийн түвшин 0.59 байсан нь Өмнөд Солонгос дахь хамгийн доогуур үзүүлэлт болсон байна. Төслийн хүрээнд хотын захиргаа нийтийн эзэмшлийн талбайг хурим зохион байгуулах газар болгон түрээслэх хөтөлбөр, үргүйдлийн эмчилгээ хийлгэж байгаа болон ирээдүйд амаржихын тулд өндгөн эсээ хөлдөөсөн хүмүүст татаас олгох хөтөлбөрийг өргөжүүлэх ажээ.


Мөн сар тутам олгодог хүүхэд асрах тэтгэмжийг 1 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд 1 сая вон, 1 нас хүрсэн хүүхэдтэй эцэг эхчүүдэд 500 мянган вон болгон нэмэгдүүлнэ. Одоогоор энэ тэтгэмж тус бүр 700 мянга, 350 мянган вон байгаа юм. Түүнчлэн тавдугаар сараас эхлэн хүүхдээ өсгөн хүмүүжүүлж буй ажилтнуудаа дэмжих бодлого баримталж буй жижиг компаниудад урамшуулал олгох ажээ.


Мөн нийслэлийн хэмжээнд 24 цагийн хүүхэд асрах төв, амралтын өдрүүдээр ажилладаг яслийн тоог тус бүр 17, 21 болгон нэмэгдүүлэхийн зэрэгцээ жирэмсэн эмэгтэйчүүд, ажил эрхэлдэг эцэг эх, олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих зорилгоор хотын засаг захиргаанаас үзүүлдэг хөнгөлөлттэй үйлчилгээнд хамрагдах өрхийн тоог 6000-аас 10 000 хүртэл нэмэгдүүлэх ажээ. 

関連ニュース