Ф.Гюлений ахыг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-10-03 11:09:24

АНКАРА. /VOA/. 7 дугаар сард болсон Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг түлхэн унагаах зорилготой цэргийн эргэлт хийх оролдлогыг удирдсан гэгдэж буй АНУ-д амьдардаг шашны номлогч Фетхуллах Гюлений ахыг Туркийн цагдаа нар баривчилжээ.

Ф.Гюлений ах болох Кутбеттин Гюленийг “зэвсэглэсэн террорист бүлгийн гишүүн байсан” гэх үндэслэлээр Туркийн баруун нутгийн Измир хотод баривчлан хорьж, байцааж байгаа тухай “Anadolu” агентлаг мэдээллээ.

К.Гюлен нь цэргийн эргэлт хийх оролдлогын дараа баривчлагдсан Гюлений төрсөн ах дүүсийн эхнийх нь болж байгаа юм.

7 дугаар сард Туркийн эрх баригчид Гюлений зээ болох Мухаммед Сайт Гюленийг Туркийн зүүн нутгийн хот болох Эрзерумд баривчилсан бол өөр нэгэн зээ нь болох Амтет Рамиз Гюленийг өмнөд нутгийн Газиантеп хотод 8 дугаар сард баривчилсан байна.

Цагдаа нар Кутбеттинийг хайж эхлэхэд тэрбээр Измирийн Газимир дүүрэгт нэгэн хамаатныхаа гэрт нуугдаж байсан ажээ.

Туркийн эрх баригчид Фетхуллах Гюленийг “Фетхуллах террорист байгууллага” буюу ФЭТО байгууллагыг удирддаг гэж үзэж байгаа юм. Харин  түүнийг дэмжигчид хэлэхдээ, Гюлен нь “Хизмет” гэдэг тайван замаар үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг удирддаг гэлээ.

Ф.Гюлен таван ахтай бөгөөд тэдний гурав нь амьд, хоёр нь нас баржээ. Амьд сэрүүн байгаа ах нарыг нь Месих, Салих, Кутбеттин гэдэг нэртэй аж. Тэрбээр Нурхаяат, Фазилет хэмээх хоёр эгчтэй ажээ.  

Х.Сарнай

 

関連ニュース