ДОРНОД: Хосоо байнга сольдог тогоруу

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-05-01 12:40:51

Чойбалсан, 2024 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Тогорууг хосоо сольдоггүй, хамгийн үнэнч шувуу гэдэг. Тэгвэл Чух шувуу судлалын сууринд бүртгэгдсэн 034 дугаартай эр цэн тогоруу сүүлийн 6 жилд 4 эм тогоруутай хос болсон байж тун магадгүй. 


Сонирхуулбал, энэ хавар Шар мөрөнд бөгжтэй хэд хэдэн тогоруу бүртгэгдсэний дотор  218 дугаарын бөгжтэй эм тогоруу байсан аж. Чух шувуу судлалын суурингийнхан дээрх 218-ыг ноднин зун дэргэдэх жижиг бүрдэнд үүрлэсэн байхад нь барьж бөгжилжээ. Харин хос нь болох эрийг нь 2018 онд анх барьж бөгж зүүхэд тухайн үед Хурхаас бөгжилсөн өөр нэг эм тогоруутай хос байж. Үүнээс хойш 034 дугаартай эр тогоруу 2020 онд ирэхдээ ямар ч бөгжгүй өөр нэг эм тогоруу дагуулж ирж, Чух нуур орчимд үүрлэжээ. Мөн дараа нь 2023 онд 034 маань хосоо дахиад солих шиг болсон гэж шувуу судлаачид ажигласан байна. Учир нь өмнөх жилүүдэд үүрлэснээсээ огт өөр газар үүрлэсэн учир эм тогорууг нь барьж ноднин зун 218 дугаартай бөгжийг зүүсэн юм. Гэтэл энэ хавар 218 нэртэй эм тогоруу Шар мөрөнд 077 бөгжтэй өөр нэг эр тогоруутай хос болчихсон, далавчаа дэвэлцэн дуу хууртай явна гэнэ.


Шувуу судлаачдын таамаглаж буйгаар алдарт 034 бөгжтэй эр маань эндсэн ч байж болох. Хэрвээ энэ зун 034 ирвэл ямар эм тогоруу шинээр дагуулж ирэх нь тун сонирхолтой.


Шар мөрөнд яваа, дээр дурдсан шинэхэн хосын эр нь болох 077-г Чух шувуу судлалын суурингийнхан 2019 онд дэгдээхэй байхад нь Улз голын хөндийгөөс барьж бөгжилж байжээ.   

関連ニュース