“Соёлын наадам”-аар монголчуудын давтагдашгүй өв соёл, ардын урлагийг наадамчин олонд таниулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Соёл Урлагийн Их сургууль Соёлын яамны дэмжлэгтэй “Монгол наадам” цогцолбортой хамтран “Соёлын наадам”-ыг 16 дахь жилдээ энэ сарын 11-12-нд, “Уяачдын наадам”-ыг энэ сарын 13-нд Хүй долоон худагт зохион байгуулна.
Энэ тухай наадмыг зохион байгуулагчид Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлэв.
“Соёлын наадам-2024”-ын ерөнхий зохион байгуулагч, УИС-ийн Театрын урлагийн сургуулийн захирал Д.Даваасүрэн мэдээлэлдээ, “Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагааг өргөтгөж, монголчуудын өв соёл, ардын урлагийг сурталчлах зорилготой энэхүү наадамд СУИС-ийн соёлын өв тээгч, уран бүтээлч багш, оюутнууд, Нийслэлийн Соёлын төвийн уран сайханчид, “Идэрийн цуурай” бөхийн дэвжээний авъяаслаг бөхчүүд зэрэг нийт 200 гаруй хүн оролцоно. Энэхүү наадам нүүдэлчин монголчуудын өвөг дээдсээс уламжлан ирсэн түүх соёл, давтагдашгүй үнэт өв, урлагийн бүтээлээс наадамчин олонд таниулах, соёлоо хайрлан хүндэтгэх, бахархах сэтгэгдлийг төрүүлэхэд чиглэж байна” гэдгийг тодотгов.
Энэ удаагийн “Соёлын наадам”-ын үзэл санаа “Их түүхийн жим”, “Өв, соёл, наадгай” гэсэн агуулгатай байх юм. Агуулгын хүрээнд Ураг төрлийн байгууллын үеэс Эртний улсуудын үе, Эзэнт гүрний үе, Шинэ монгол улсын цаг үе хүртэлх түүхийг цахим хэрэгсэл ашиглан археологийн олдвор, чулуун зэвсэг, буган хөшөө, хадны зураг, наадгай, эртний бургасан урц, угсаатнуудын хувцас, гоёл чимэглэл, дэлхийн өвд бүртгэгдсэн дурсгалт газрууд, монгол хөлөгт тоглоом, Хүннүгийн үеийн дурсгал, хаадын түүх, ном судар, СУИС-иас хэрэгжүүлсэн инновацын үр дүнг танилцуулах юм.
“Соёлын наадам-2024”-ын ерөнхий найруулагч Ц.Чинзориг, “Энэ жилийн “Соёлын наадам" нь “Гэр бүл”, “Түүхэн цаг үе” гэсэн үзэл санааг нэгтгэн “Монгол эрдэнэ” тоглолтыг 7 дугаар сарын 11-нд хоёр удаа тоглохоор бэлтгэл ажлаа хийж байна. Үндсэн хоёр тоглолтоос гадна 7 дугаар сарын 11-нд нийт 12 удаа тоглох бол 7 дугаар сарын 12-нд нийт 9 тоглолттой. Тоглолтод УДБЭТ, Монгол Улсын Консерватори, ҮУИТ, СУИС-ийн уран бүтээлчид, багш нар, оюутнууд, ӨМӨЗО, Япон улсын уран бүтээлчид оролцоно. Мөн ӨМӨЗО-оос 12 хүний бүрэлдэхүүнтэй хөгжмийн хамтлаг ирнэ. Уран бүтээлийн хувьд үндэсний соёл, өв уламжлалыг шингээсэн "Морьтны гайхамшиг" үзүүлбэртэй. Түүнчлэн тоглолтод бөмбөрийн хамтлаг оролцохоор бэлтгэлээ хийж байна” гэв.
Соёлын наадмаар “Монгол хүн”, “Гэр бүл”, “Эх нутаг”, “Төрт ёс”, “Эрдэм боловсрол”, “Монгол хэл”, “Өв соёл”, “Ёс суртахуун”, “Нүүдэлчний ухаан” гэсэн 9 өртөөгөөр зочлох боломжтой. Энэ үеэр Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын биет бус өвтэй танилцахаас гадна уртын дуу, богино дуу, морин хуур, бий биелгээ, хөөмий, Монгол тууль гэх мэт язгуур урлагийн төрлөөр дэглэсэн “Монгол эрдэнэ”, “Соёлын наадам” ардын урлагийн тоглолтыг үзэж сонирхох боломжийг наадамчин олонд олгох юм.