ДАРХАН-УУЛ: Төв номын сангаар жилд 5000 иргэн тогтмол үйлчлүүлдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны аравдугаар
сарын 28 /МОНЦАМЭ/. Аймгийн Төв номын сан байгуулагдсаны 60 жилийн ойн баярын
хурал Залуучууд театрт боллоо. Дархан хотын иргэдийг соён, гэгээрүүлэх,
номтой нөхөрлөх их үйлсийн эхлэл 1964 онд эхэлж байсан бол өнөөдөр нэгэн жарныг үдэж байна.
Төв номын сан жилд 5000 орчим иргэнд 90000 гаруй боть номоор үйлчилж байна. Сүүлийн гурван жилд 88 төрлийн соёл, олон нийтийн ажлыг 754 удаа зохион байгуулж, давхардсан тоогоор 71359 уншигчдыг хамруулжээ.
Ойн хүрээнд зохион байгуулсан “Нэг уншигч-Нэг ном” номын хандивын аянд 550 боть ном цугларсан номын баяжилт хийв. Мөн томоохон ажлын нэг нь орон нутгийн сонин хэвлэлийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үргэлжлүүлж “Найрамдлын Дархан” сонины 1965-1990 онд хэвлэгдсэн дугаарыг цахим болгожээ.
Мөн аймгийн Төв номын сан нь сүүлийн гурван жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтээр аймагтаа 98 хувьтай үнэлэгдэж, аймгийн Засаг даргын дэмжлэгээ 20 сая төгрөгийн санхүүжилт хийгдэж, 600 гаруй боть номоор фондоо баяжуулжээ.
Ойн хүрээнд үе үеийн номын санчид, ахмад ажилтнууд болон уншигчдын уулзалтыг зохион байгуулсан байна.
Жаран жилийн ойн баярын хурлын үеэр заримт ажилтныг салбарын болон орон нутгийн шагналаар шагнан урамшууллаа.