БАЯНХОНГОР: Нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан 2024 оны улсын төсөвт эрүүл мэндийн салбарын багаж, тоног төхөөрөмжийг сайжруулах 900 сая төгрөгийн санхүүжилттэй төсөл арга хэмжээг тусгуулсэн. Энэ хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэгт 619 сая, Зооноз өвчин судлалын төвд 218 сая, зарим сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 63 сая төгрөгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.
Эмчилгээ оношилгооны онцлог тоног төхөөрөмжүүдэд булчин мэдрэлийн цахилгаан бичлэгийн аппарат, умайн хүзүүний хавдар илрүүлэх хиймэл оюун ухаанд суурилсан төхөөрөмж, монитор, хагалгааны ор, хүзүү, нурууны дижитал татлагын аппарат, хүчил шүлтийн тэнцвэр үзэх анализатор, арьсны дермаскопи, ходоодны дурангийн иж бүрдэл зэргийг багтаажээ.
Ингэснээр ходоод, улаан хоолойн хавдрыг эрт илрүүлэх, дэмжих төвийн дарааллыг багасгах, мэдрэл, арьс харшил, умайн хүзүүний эмгэг өөрчлөлтүүдийг эрт үед нь оношлох, урьдчилан сэргийлэх, сэргээн засах, иргэдийн хүлээгдэл чирэгдэл, эдийн засгийн эрсдэл, сөрөг үр дагаврыг багасгах боломжтой болж байна.
Мөн бэлгэвч тараах машиныг томоохон худалдааны төвд байршуулснаар иргэдэд зөв дадлыг төлөвшүүлэх, бэлгийн замаар дамжих халдварын эрсдэлийг бууруулах нөхцөл бүрдэнэ гэж тооцоолж байна. Түүнээс гадна Зооноз өвчин судлалын төвийг нэн шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмжөөр хангаснаар тус лабораторийг хүн, амьтны халдварт өвчний үед иж бүрэн ашиглах, туршилт, лабораторийн шинжилгээ, эмнэлгийн үйл ажиллагаанаас гарсан хог хаягдлыг халдваргүйжүүлж, аюулгүй болгох, зоонозын халдварыг бууруулах ашиг тустай юм.
Сонирхуулахад, Баянхонгор аймаг 2025 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил" болгон зарлажээ.