Сургуулийн орчин тойронд эцэг эхийн эргүүл ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-10-27 16:59:04

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд сурагчид гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөх, нийтийн хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажилд сурагчдын эцэг эхийг татан оролцуулах, сургуулийн орчинд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс олон ажил, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Үүний нэг нь аймгийн ИТХ-ын тогтоолоор батлуулан School police буюу сургуулийн эргүүл цагдаа ажиллуулж байгаа ажил юм. Эцэг эхийн эргүүлийг өдөр бүр хичээл орох болон тарах цагт буюу 07:30-13:30 цаг, 12:30-19:30 цагийн хооронд сургуулиудтай хамтран зохион байгуулж байна. Эцэг эхийн эргүүлүүд тусгай хуваарийн дагуу ажиллах бөгөөд хүүхдүүдийг зам хөндлөн гарахад туслах, машины хөдөлгөөн ихтэй үед зохицуулалт хийх зэрэгт анхаарч байгаа юм.

Сургуулийн сурагчид, бага насны Хүүхдүүд сургуулийнхаа орчинд элдэв гэмт хэрэг зөрчил, зам тээврийн осолд өртөх магадлал өндөр байдаг. Сүхбаатар аймгийн хувьд өнгөрсөн онд 2 ч хүүхэд зам тээврийн осолд өртөж байсан. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ сургуулийн орчинд эргүүл хийснээр хүүхдүүд гэмт хэрэгт өртөж, хохирохгүй байх орчинг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.

Т. Одончимэг

関連ニュース