ДАРХАН-УУЛ: Ой хээрийн түймэр унтраах бүлгүүдийн бэлэн байдлын шалгалт, дадлага сургуулилалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-04-24 18:23:36

Дархан, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд хуурайшилт ихтэй, ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй түвшинд байна. Иймд хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан өчигдөр мэргэжлийн ангиудын бэлтгэл бэлэн байдалд үзлэг хийсэн байна.


Аймгийн ОБГ-ын дарга А.Алтансүх болон тус байгууллагын мэргэжлийн алба хаагчид Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сум дахь ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, есөн аж ахуйн нэгж байгууллага, сайн дурын 12 бүлгийг хамруулан тоноглол, бэлтгэл бэлэн байдлын үзлэг, дадлага сургуулилалт хийжээ.


Ой хээрийн түймэр гарсан тохиолдол, нөхцөл байдал хүндэрсэн үед шуурхай дайчилгаанд явах мэргэжлийн ангиудын хувийн бэлтгэл, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал, шуурхай хариу арга хэмжээ авах чадварыг тусгайлан шалгах зорилгоор дадлага сургуулийг зохион байгуулж буйг ОБГ-ын дарга, хурандаа А.Алтансүх онцолж байна.


Ой хээрийн түймэр ихэвчлэн иргэдийн санамсар, болгоомжгүй байдлаас үүдэн гарч, хохирол учруулдаг тул амралт зугаалга, аяллаар явахдаа ил задгай гал түлэхгүй, тэсэрч, дэлбэрэх ахуйн хийг ил тавихгүй байхыг анхааруулав.

 

関連ニュース