ӨВӨРХАНГАЙ: Одонгоо авсан ээжүүдийн хамгийн ахмад нь 81 настай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-05-30 16:44:25

Арвайхээр, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт өнөөдөр 635 ээж “Алдарт эх”-ийн одонгоо гардан авч байна. Тэднээс I зэргийн одонгоор 110, II зэргийн одонгоор 525 ээж энгэр мялааж байгаа юм.


Энэ сарын 6-нд Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, "Алдарт эх"-ийн одонгоор шагнах журмын 2.3.2 дахь хэсэгт “Эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг "Алдарт эх"-ийн одонгоор шагнах хүүхдийн тоонд хамруулж болно” хэмээн заасан. 


Энэ хүрээнд ахмад настай олон ээж одонгоо гардаж байгаагаас хамгийн ахмад нь Арвайхээр сумын иргэн С.Нина 81 настай байна. Хамгийн залуу нь Төгрөг сумын иргэн Э.Жамбалмаа 24 настай байв.



Мөн 2025 оноос эхлэн “Алдарт эх”-ийн одонтой ээжүүдэд олгох мөнгөн тэтгэмжийг хоёр дахин нэмэгдүүлсэн байна. Тодруулбал, I зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байсныг 400 мянга, II зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгож байсныг 200 мянган төгрөг болгон тус тус нэмэгдүүлжээ. 

Эдгээр өөрчлөлт нь олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг урамшуулах, гэр бүлийн дэмжихэд чиглэсэн бодлогын нэг хэсэг гэдгийг аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж онцоллоо. 







関連ニュース