ӨВӨРХАНГАЙ: Дэмбээ хэмээх наадаан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-08-13 12:59:51

Арвайхээр, 2025 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монголчуудын оюун санааны ертөнцөд тодорхой байр суурийг эзэлж ирсэн биет бус соёлын өвийн нэг нь дэмбээ юм. Энэ нь дуу зохиомжлон аялгуулж, арван хуруугаар тоо таалцах наадгай агаад нутаг, нутгийн ёс, ая дан, үг хэллэг харилцан адилгүй байдаг. 


Оролцогчдоос ихээхэн ур чадвар, авхаалж самбаа шаарддаг уг наадгайг Монголын ард түмэн эрт дээр үеэс уламжлан ирсэн ч чухам хэдийд хэрхэн үүссэн нь тодорхойгүй юм. 

Гагцхүү адууг гаршуулж, ашиг шимийг нь хүртэн айраг хэмээх ундааг хэрэглэж эхлэх бүрийд дэмбээдэх наадгай хамт өвлөгдсөөр ирсэн түүхтэй.



Айраг цагаа дэлгэрсэн зун, намрын цагт найр хуримнаас бусад үе, чөлөөт цагаараа дэмбээддэг ёстой. Харин “хоосон дэмбээ хоригдлын зугаа” гэж монголчууд айраг, цагаагүйгээр хоосон дэмбээддэггүй.


Дэмбээний үед бие биерүүгээ хуруугаар зангах, чичих зэргээр зааж хэлэлцэх нь цээртэй. Иймээс дэмбээдэж эхлэхдээ “Дэмбээ сайн уу, та” гэж амаараа мэндлэхээс гадна бие биедээ эрхий хуруугаа ижил гаргаж ёсолно. 


Дүрэм нь гэвэл хоёр хүн тоглох ба таван хуруунаасаа дурын хуруугаа гаргаад өрсөлдөгч хүнийхээ гаргасан хуруутай нийлүүлэн тааж хэлдэг.


Гэхдээ эхлээд зүүн гарын эрхий хурууг дотогш дарах бөгөөд тэнийлгэж болохгүй. Хэрэв тэнийлгэвэл бууж өгсөнд тооцогдоно.


Таах бүрдээ зүүн гарын хуруунуудаар тоолж дарж байгаад дөрөв болоход нь цацаж гараа тэнийлгэнэ. Энэ нь хожих нь байна шүү гэсэн үг. Тэгээд таван удаа таасан нь хожино. Хожигдсон нь айргаа ууна.  Гаргасан хуруугаа таасан нөхцөлд “Дэмбээ мөн дөө”, харин таагаагүй үед “Дэмбээ бишээ хө” гэж хэлнэ.



Дэмбээдэхэд “Ганган ганц, ганцхан эрхий, талын таваа, таваар таая, тавын дэгээ, зурсан зургаа, зураг шанзаа, зуузай зургаа гэх мэтээр хэллэгээ зохион хэлж болно. Дэмбээ нь хурдан сэтгэх, хэл яриа зүгшрэх, авхаалж самбаа нэмэхээс гадна харааны хурц мэдрэмж, бусдыг сонсох чадвар, гар хурууны хөдөлгөөний эвсэл олон ур чадварыг эзэмшдэгээрээ ач холбогдолтой. 


関連ニュース