ОРХОН: Зэс фестивалийн хүрээнд уул уурхайн газруудын үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-09-18 14:52:04

Баян-Өндөр, 2025 оны есдүгээр сарын 18/ МОНЦАМЭ/. Орхон аймгийн дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлж, уул уурхайн салбараа сурталчлах зорилгоор 3 дахь жилдээ “Зэс фестиваль”-ийг энэ сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 


Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан. Энэ хүрээнд Орхон аймаг орон нутгийн төдийгүй, Монгол Улсын нэрийн хуудас болох үйл ажиллагааг “Зэс фестиваль” гэж үзэж байгаа. 


Энэхүү үйл ажиллагаагаар Зэс боловсруулах үйлдвэрүүдээс гадна зэсээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын бүтээгдэхүүнийг иргэд олон нийтэд сурталчилж, танилцуулдаг уламжлалтай.  


Орхон аймагт 5000 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас  уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг таван аж ахуйн нэгж бий.


Өнөөдөр фестивалийн хүрээнд ерөнхий боловсролын 4,5,8 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид, мөн 150 гаруй иргэдэд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй "Зэс эрдэнийн хувь", "Ачит ихт", "Эрдмин", "Эрдэнэт" үйлдвэр ТӨҮГ үйл ажиллагаагаа танилцууллаа.  


Маргааш мөн уул уурхайн үйлдвэрүүдтэй танилцах аялал хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Сонирхсон иргэд 10:00 цагт А.Амарын талбайгаас автобусанд суух боломжтой.






関連ニュース