ӨВӨРХАНГАЙ: Шилдэг агууламж бүхий байгальд ээлтэй, эко талбайн тохижилттой аймгаар шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-10-30 18:56:35

Арвайхээр, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. “Ай Ти Эм-2025” Олон Улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Өвөрхангай аймаг амжилттай оролцлоо.

Нийслэлийн болон 21 аймгийн аялал жуулчлал, үйлчилгээний байгууллага, хувь хүн өөрсдийн брэнд бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах, түншлэлийн гэрээ, хэлэлцээр хийх, гадаад, дотоодын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж олгодог тус үзэсгэлэнд Өвөрхангай аймгаас 22 үйлчилгээний байгууллага, дөрвөн малчин өрх оролцож, аймгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, соёлын өвийг олон нийтэд сурталчлав.



Үзэсгэлэнгийн талбайг Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүдээр сэдэвчлэн тохижуулсан нь тус арга хэмжээний “Шилдэг агууламж бүхий байгальд ээлтэй, эко талбайн тохижилттой аймаг” төрөлд шалгарав. Тус тохижилтын ажлыг зураач С.Чулуунбаатар хийж гүйцэтгэсэн бөгөөд “Барт хүрээ” ТББ-ын тэргүүн Л.Манлайбадрах орон нутгийнхаа зураагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргасан байна.

Мөн энэ үеэр Монголын аялал жуулчлалын холбооноос аялал жуулчлалын салбарт үр бүтээлтэй олон жил ажилласан “Өргөө” жуулчны баазын захирал Д.Өлзийдэлгэр, “Баясгалан” жуулчны баазын захирал Д.Амаржаргал нарыг “Аялал жуулчлалын төлөө” медалиар шагнажээ.



関連ニュース