COP30 Дээд түвшний уулзалтын индрээс COP17 бага хуралд идэвхтэй оролцохыг урилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
batbold.sh@montsame.gov.mn
2025-11-09 11:53:52
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Белем хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 30 дугаар бага хурал (COP30)-ын дээд түвшний уулзалтад оролцож, арваннэгдүгээр сарын 7-ны өдөр Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ.


Тэрбээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дасан зохицох, тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг эрчимжүүлэх чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгээс дэвшүүлж буй санал, санаачилгыг Монгол Улс тууштай дэмжиж ирснийг онцлон тэмдэглэж, Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлж, 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30-аас дээш хувиар бууруулах зорилтоо дахин нотлов.


Мөн Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгч, Улаанбаатар хотноо 2026 онд зохион байгуулахаар бэлтгэж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д улс орнуудыг идэвхтэй оролцохыг урив.


Белемийн дээд түвшний уулзалтад оролцогчдын зүгээс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр улс орнууд өмнө нь хүлээсэн үүрэг, амлалтаа бодитоор хэрэгжүүлэхийг уриалж, хэрэв хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахгүй байсаар байх тохиолдолд дэлхийн цаг агаарын дундаж хэм 1.5 хэмийг давж дулаарснаар дэлхийн экосистем, улс орнуудын нийгэм, эдийн засагт маш ноцтой үр дагавар дагуулахыг онцгой анхааруулжээ.


Дэлхийн цаг уурын байгууллагын Ерөнхий захирлын мэдэгдсэнээр, хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ сүүлийн 800 мянган жилийн дээд түвшинд хүрсний зэрэгцээ дэлхийн дулааны хэмийг хэмжиж эхэлснээс хойших 176 жилийн хугацаанд 2015-2025 он дэлхийн хамгийн халуун жилүүд болж бүртгэгдээд байгаа аж.



関連ニュース