ЗАВХАН: Цагаан тос нь өвлийн хамгийн шим тэжээлтэй хүнс

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-12-11 18:44:36

Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн хангайн бүсийн сумуудад цагаан идээгээ малынхаа гүзээ, олгойнд хадгалдаг уламжлал одоо ч бий.


Төрөл бүрийн сав суулга элбэг болоод тэрүү манай малчдын ихэнх нь сүү цагаан идээгээ хадгалдаг уламжлалаа гээж байна. Учир нь худалдаанд борлуулагдаж байгаа сүү цагаан идээ ихэнх нь гялгар уутанд саванд хадгалсан байгааг хараад харамсдаг.


Манай хангайнхан зун, намрынхаа сүү цагаан идээ, ялангуяа зөөхий, шар тосыг малынхаа гүзээ, олгойнд хадгалдаг уламжлалаа гээгээгүй ээ. Ер нь цагаан идээ хадгалах хамгийн сайн сав бол малын гүзээ, олгой, давсаг юм хэмээн Цагаанхайрхан сумын малчин Г.Ганчимэг хэллээ.


Зуны цагт гүзээнд хадгалсан цөрөм, зөөхийгөөрөө ээзгийтэй цагаан тосоо хольж гүзээлээд өдийд хөлдүү тос идэх мөн ч сайхан шүү дээ. Цагаан тос их өег, дааруулдаггүй өвөл цагийн хамгийн сайхан хүнс байдаг.  Малчин бид мал төхөөрөөд нэг ч зүйлийг хаяхгүй хоол хүнсэндээ ашигладаг сайхан уламжлалтай. Идэш идэх цагаар малын “давсаг үлээх” чухал ажлыг хүүхдүүдэд даалгахаар тэд ч их сонирхоно. Давсагийг хэмжээнд нь тултал шаар шиг үлээж ханын толгойноос өлгөж хатаадаг. Ингээд намар оройхон болох үед зун хурааж нөөцөлсөн өрөм, зөөхийгөө хайлж шар тосыг нь ялгаж аваад үлдсэнийг нь ээзгийтэй хольж хонины гүзээнд хийн царцааж өвлийн хүнсэнд нөөцөлдөг. Ээзгий хийхгүй байсан ч болно. Үүнийг цагаан тос, хайлсан тос, хольсон тос гэх мэтээр нэрлэдэг.


Зунжин хураасан зөөхийгөө даавуун уутанд хийж өлгөн шар усыг нь шүүрүүлээд дараа нь саванд хийж хутган, тослогийг нь шар уснаас салгана. Үүнийг цагаан тос гэнэ. Цагаан тосонд элсэн чихэр, үзэм нунтаглаж үйрүүлсэн ээзгий, мэхээр, бор гурил хольж улам амтлаг болгоод хоолонд хэрэглэвэл өвөл хамгийн сайн хүнс болдог тухай малчин бүсгүй хуучиллаа.


Цагаан тос нь монголчуудын зун намартаа хурааж, өвөл хаврын нөөц идээ болгодог шим тэжээлтэй, үнэр анхилам, хүчиллэг амттай нэгэн төрлийн цагаан идээний бүтээгдэхүүн юм.


Цагаан тосыг нутаг нутгийнхан өөр өөр аргаар боловсруулдаг ч ерөнхийдөө зун намар хурааж нөөцөлсөн зөөхийгөө хайлж шар тосыг нь ялгаж аваад үлдсэн цагаан тосыг нь агаар нэвтрэх саванд хадгалах буюу хонины гүзээнд хийж царцаагаад өвлийн хүнсэндээ нөөцөлдөг. Үүнийг цагаан тос, хайлуулсан тос, ээзгий хольсныг нь бас хольсон тос гэх зэргээр нэрлэдэг. Цагаан тосыг цайнд хийж уухад өег бөгөөд ходоод гэдэсний шингээлтийг сайжруулахаас гадна хор тайлах үйлчилгээтэй ажээ. Өөрөөр хэлбэл цагаан тос нь сэрүүн чанартай бөгөөд хүчжүүлсэн өөх хүчлийг үүсгэж, суулгахыг зогсоон, уушигны архаг ханиалга, хий шар ус, шулуун гэдэсний халууныг арилгахад тустай юм гэж хоол зүйч судлаачид өгүүлжээ.

 

Ташрамд 1918 онд судалгаа явуулж Монголчуудын хүнсний үндсэн хэрэгцээний 55.3 хувийг сүү цагаан идээ, 20.3 хувийг  мах эзэлж байсныг тогтоожээ. Түүнчлэн хүнсний хоногийн хэрэглээний бүтцэд шар будаа, гурил 12.8 хувь, цагаан будаа 1.2 хувь, саахарын зүйл 0.1 хувийг эзэлж байснаас гадна шахмал ногоон цай хоногт 51.8 грамм, архи 4.6 грамм хэрэглэдэг байсан тухай тэмдэглэжээ.


Судлаач Я.Цэвэлийн тэмдэглэснээр, Монголчуудын хоол хүнсийг ерөнхийлсөн нэрээр авч үзвэл махан хоол 180 гаруй, цагаан идээ ба цагаан хоол 130 гаруй, боов идээний хүнс 30, бүгд 350 төрлийн Монгол хоол байдаг ажээ.

関連ニュース