О.Бат-Өлзий: "Оройн чимэг" бол шүншигтэй, амьд дуу

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-12-12 17:29:28

Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт орших Отгонтэнгэр уулыг магтан аргадсан "Оройн чимэг" уртын дуу нь Монголын хамгийн урт бадаг бүхий дуу юм.

Энэ дуу нь 33 бадаг бүхий магтаал, шүншигтэй дуу. Оройн чимэг дууг үе дамжин дуулж залуу хойч үедээ өвлүүлэн үлдээж буй Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн уугуул Оройн чимэг" хамтлагийн ахлагч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан О.Бат-Өлзийтэй уулзаж дууны талаарх сонирхолтой яриаг өрнүүллээ.


-Магтаал, шүншигтэй дууг хэзээнээс эхэлж дуулж эхэлсэн бэ?

-Төрсөн нутгийнхаа уул ус гайхамшгийг магтан дуулсан, шүншигтэй дууг хүүхэд байхаасаа сонсож өссөн. Би гурван үеийн дуучдын удам. Хоёр талын дууч удмынхан минь найранд дуутай хууртай хүмүүс байсан. Аав, авга талынхан маань Буянт багийн хүмүүс. Ээж минь сумын төвийн доод Бадрал багийн хүн. Ээж минь ч сайхан дуулдаг хүн байв. Аавын минь талынхан тэр чигтээ дуулдаг найрын дуучин хүмүүс. Анх аав минь дунд сургуульд байх үеэс “Оройн чимэг”-ийг өөрөө дуулж, айзам, түрлэг, өргөлт бүрээр нь зааж өгч байв. Ингэж багаасаа л уртын дууг сонсож өссөн болохоор тэрүү уртын дууг жаргаж дуулдаг юм. Оройн чимэг дууг манай нутгийнхан найр наадмыг эхлүүлж дуулдаг. Найр бүрийг эхлүүлдэг энэ дууг сонссоор байгаад амандаа аялдаг болж тэгээд л сурсан даа. Дунд сургуульд байхдаа ганцаараа л дуулдаг байв. Харин оюутан үедээ Оройн чимэг ийг тайзан дээр гарч олны өмнө анх дуулж байлаа.


-Оройн чимэг дууг Отгонтэнгэр хайрхныг тойрсон сумын иргэд амнаас ам дамжин аялгуулж, одоо ч дуулсаар байгаа тухай ярилцдаг?

-Тийм ээ. Манай Отгон сумынхан, Шилүүстэй, Цагаанхайрхан сумынхан одоо ч дуулдаг. Найр наадмаа энэ дуугаараа эхлүүлдэг уламжлалтай. Отгонтэнгэр хайрхны өвөрт анх зохиогдсон дуу болохоор манай нутгийнхан сүншигтэй дуу, амьд дуу ч гэлцдэг.

...Орой биеийг нь харахад
Очирваань бурхны шинжтэй
Зулай биеийг нь харахад
Зонхов бурхны байдалтай.... ийн түрлэг нэмэх “Оройн чимэг”- ийг дуулахгүйгээр эхэлдэг, бас жаргадаг найр хурим гэж Очирваань хайрхны өвөр бэлээр нутаглах нутгийн зон олон, сум гэж байхгүй ээ.

Отгонтэнгэр уулыг ер бусын хүчит эзэн савдагтай хэмээн биширч, дээр үед бөөгийн ёсны гол тахилга үйлддэг заншилтай байжээ. Отгонтэнгэр уул нь бөө мөргөлийн ч онгон, бурхан шашны ч шүтээн юм. Шарын шашин анх дэлгэрсэн үед ч энэ л хайрхнаа шүтэж хайрхандаа зориулж олон ч дууг нутгийнхан зохиосон байдаг. Хайрханд зориулсан "Оройн чимэг" дууны талаарх үүх түүхийг Отгон сумын харьяат 83 настай иргэн Ч.Юнрэндорж гуай олон хүнд хүргэж байгаа. Аавын минь найз нутгийн минь хөгшин өдгөө Улаанбаатар хотод амьдарч байна.

Завхан аймгийн Отгон сумын өвлөн уламжлагчид Нүүдэлчдийн соёлын наадмын үеэр

-Хайрхныг шүтэж нутагтаа амьдарч байгаа хүн бүр өвлөн уламжлагч болжээ?

-Тэгэлгүй яахав. Отгонтэнгэр хайрхнаар нутагладаг ус нутгийнхан болон газар газар дуулагддаг боловч ая дан болон зарим үг нь өөрчлөгдөн дуулагдсаар байна. Харин өөрийн ая дан, анх зохиосон үгээр нь хамгийн ойр дуулж үлдсэн ард түмэн бол Отгон сумынхан юм.

...Өнөр баян явна гэдэг

Өндөр Богдын минь аврал аа...хэмээх мөрүүдийг хэлэх бүртээ нутгийн ард түмэн минь, тэр бүрт тохиодоггүй аз хишигтээ баярлана. Дээл хувцас, эдлэл хэрэглэл, адуу мал, ахуй орчин гээд юм бүхэн нь нүнжиг, яс чанар ханхалсан энэ нутгийнхны аз хишиг их Отгонтэнгэрийн өвөрт явдаг ч гэлцдэг, үүгээрээ ч бахархдаг юм. Энэхүү нутагт оршин амьдардаг уугуул, суугуул иргэн энэхүү уртын дууг бэлгэшээн дуулсаар, өвлүүлэн түгээсээр амнаас ам дамжин уянгалуулсаар явна. Түүний нэг нь миний бие. Амьтай дууг айзам түрлэг, ёс жаягаар нь дуулж, залуу хойч үедээ таниулж байна.   


-"Оройн чимэг" бусад уртын дуунаас юугаараа ялгаатай юм бол?

-Одоогоор судлагдаад байгаа уртын дуунуудаас “Эр бор харцага” дууны дараа ордог хамгийн урт, олон бадагтай дуу гэдгийг судлаачид тэмдэглээд байна. Мөн уг дуу нь өндөр уулын бүсэд зохиогдсон учраас тэр үү өндөр цохилготой, огцом түрлэг, аялгуутай дуу юм. Ер нь монгол ардын уртын дуунуудыг ажиглахад говь тал хээр газарт зохиогдсон нутгийн дуунууд айзам нэг их дээшээ гарахгүй, нэгэн хэвийн айзам аялгуутай байдаг шүү дээ.


Тэгвэл Оройн чимэг нь үүнээс тэс өөр, түрлэг өндөр, огцом цохилоготой дуу юм. Энэхүү дууг тасралтгүй хоёр хоног дуулдаг гэж ярьдаг ба зөвхөн уулынхан л дуулж чадах өндөр түрлэгтэй дуу гэж судлаачид мөн тэмдэглэсэн байдаг юм.


Энэхүү дууг 18-р зууны сүүлээр амьдарч байсан манай нутгийн ард Жав хэмээх хүн зохиосон. Жав гуай барлагдуу амьдралтай, бэлэн цэцэн үгтэй уран яруу үгийг холбож шүлэглэдэг, бас шилийн сайн эр байсан тухай аав минь ярьж өгсөн.

 

-Отгонтэнгэр хайрхныг магтан дуулсан "Оройн чимэг" нь олон түүх, домогтой юм билээ?  

-Тийм шүү. Аавын ярьснаар, Жав гуайн бие нь их муудаад Отгонтэнгэр уулын мөнх цасанд намайг аваачаач гээд гуйсан байдаг юм. Тэгээд айл саахалтынхан нь Жав гуайг хайрханы мөнх цасанд хүргэж, тэр үед одоогийнх шиг зам харгуй гараагүй, техник хэрэгсэлгүй, мориор арай чүү хүрч очиж л дээ. Өндөр халуурч байсан Жав гуай мөнх цасанд хүрч очоод хайрхандаа залбирч мөргөөд хэвтэж. Түүний хэвтсэн газрын цас хайлж, хэвтсэн газар нь шарлаад байж. Мөнх цас бол бурхан шүтээн гэхээсээ илүү рашаан юм. Энэ бие минь илааршлаа, гэж талархсан сэтгэлээрээ, тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө хайрхнаа магтан дуулж Оройн чимгийг зохиосон. Бие нь тэнхэрч эдгэсний дараа л зохиосон гэж нутгийнхан минь ярьдаг. Мэдээж ямар нэгэн дуу сэтгэлийн хөөрөл, гутрал, баяслын үед зохиогддог. Тиймээс энэ үеэс эхэлж дуу зохиогдсон гэж аав минь ярьж өгч байсан. Энэ бол амнаас ам дамжсан домог. Нутгийн ард Жав хүнд өвдөөд, мөнх цасанд очиж мөргөөд эдгэснийг нутгийн олон хүн харж байсан болохоор бас баримт юм.

 

Отгон сумын иргэн 83 настай Ч.Юнрэндорж гуайн ярьснаар, “Үгийн сайныг уянгын эгшигтэй найрсууланхан их хайрхнаа магтан дуулсан энэ дууг нутгийн сайн эр Жав нас ахиж, өвчин зовлонд баригдах үедээ өөрийн гэм нүглээ наминчилж зохион дуулж, хариуд нь Отгонтэнгэр хайрхнаас дэлт азарган чоно буун ирж, бүх л биеийг нь долоон шилгээж эдгээн тэнхрүүлсэн домогтой гэж ч бас ярилцдаг.


Улмаар Жав гуай дууныхаа үг аяыг нь зохиочихоод хошууны ноёнд айлтгаж зөвшөөрөл авч Дилов хутагт Наро банчин гэгээнтэнд айлтгаж аравнайлуулжээ. Ингээд хоёр гэгээнтэн Жав гуайд энэхүү дууг харийн нутагт дуулж болохгүй, ядарсан үедээ дуулж яваарай, ерөөл болгож ерөөж яваарай, дуу болгож дуулж яваарай, олз омог чинь арвижиг, гэм нүгэл чинь цайраг, лус савдаг баярлаж яваг хэмээн ерөөж аравнайлсан байна. Ингээд Жав гуай анх 1920-иод оны дундуур Чулуутын амны Алтан толгойн бэл хэмээх газар 1000 борлог адуутай айлын зэлэн дээр анх дуулжээ. “Оройн чимэг”-ийг анх дуулж эхлэхэд адуучин улс адуугаа мартаж үнээ сааж байсан улс үнээ тугалаа нийлүүлж, улс амьтан уярч уйлж сонсож байсан үүх түүхтэй” хэмээжээ.

 

-“Оройн чимэг”-ийг харийн нутагт дуулж болохгүй гэж, юуны учир юм бол?

-Оройн чимэг нь Отгонтэнгэр хайрхнаа магтан биширсэн, хоёр хутагтын үед буюу 18-р зуунд зохиогдсон шашны холбогдолтой дуу юм. Нутгийн онцлогийг харуулсан гэхээсээ илүүтэй Отгонтэнгэр уулаа шүтээнээ гэж бодож магтан дуулдаг учраас тухайн үед хэлмэгдэлд өртөх вий, Дуулж буй хүн нь өөрөө буруудаж хэлмэгдэж магадгүй юм гэж бодоод л дуулахыг хориглосон байх гэж бодож байна.  


Мөн, энэхүү дууны түүх домгийг олон хүн зөрүү, буруу бичиж дууны бадгийг нэмж зохиож үлдээж буй нь харамсалтай юм. Угтаа энэ дуу нь 32 бадаг бүхий Монголын хамгийн урт уртын дуу болох “Эр бор харцага” дууны дараа ордог 30 гаруй бадагтай дуу юм. “Оройн чимэг”-ийг анх зохиож дуулсан “Жав”-аас өвлөн сурч авсан нутгийн адуучин, оторчин болох Совдын Агвааншийрав хэмээх ард 88 нас хүртлээ адуугаа оторлох үеэрээ буюу хээр гадаа, бүтэн бадгаар нь уянгалуулан дуулж явсан түүх бий хэмээн Ч.Юнрэндорж гуай хэлсэн тухай орон нутгийн сонинд тэмдэглэгджээ.    



Оройн чимэг" хамтлагийн ахлагч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан О.Бат-Өлзий

-Та урын сандаа хэчнээн дуутай вэ?

-Өөрийн сонирхол, хүслээрээ уртын дуугаа дуулж явдаг юм. Түүнээс би дуучин хүн биш. Ааваасаа өвлөж сурсан, өөрөө нэмж сурсан гээд ихэвчлэн нутагтаа зохиогдсон нутгийнхаа уртын дуунуудыг дуулж явна.

Оройн чимэгээс гадна Хөвд хангайн бараа гэж хайрхны өвөрт зохиогдсон нутгийн уул усаа магтан дуулсан дуу байна. Мөн “Газрын хол” гэж дуу бий. Мөн л шашны холбгдолтой дуу юм. Ааваас өвлөгдсөн дуунууд ихэвчлэн нутаг ус хайрхнаа магтан дуулж бишрэн шүтсэн шашны холбогдолтой л дуунууд байна.


Газрын хол гэдэг уртын дууны түүх бас их сонин. Отгон, Шилүүстэй сумын заагт байрлах Нарованчин гэгээний хийдэд зохиогдсон дуу юм.


Нарованчин хийд нутагтаа томоохонд тооцогддог төдийгүй олон лам хуврагтай байж. Шашиныг дэлгэрүүлж байсан ид үед Богд гэгээн тус хийдэд морилж танай хийд лам цөөн байна, үүнийгээ олон болго гэжээ. Богд гэгээний өмнөөс манайх олон ламтай гэж хэлэх боломж байхгүй учир, хариу болгож хийдийн лам нар Газрын хол хэмээх дууг зохиож дуулж байсан гэдэг. Энэ дуу нь морины тухай мэт боловч богдод хариу үг хэлж буй агуулгатай байдаг.

…Газрын холоос гүйдэлтэй Ганганхан шарга морио

Түүнийгээ хөлөглөсөн Богд гэгээн лам минь ээ

Найман арслантай ширээгээ Намхан гэж голоо юу,

Найман түмэн шавь нарыг цөөхөн гэж голоо юу… гээд тэр үед шүүмжлэлтэй хандаж байсан дуу юм билээ. Хэдийгээр дуу боловч тухайн үед монголчууд тухайн нийгмийн байдлыг шүүмжлэхдээ дуугаар илэрхийлдэг байсан байна.


Мөн хүн зон, байгаль дэлхий, нутаг усаа магтан дуулахдаа аман зохиолоороо дамжуулан өвлүүлэн үлдээж байжээ.

Ер нь бид монголын өнцөг булан бүрт суугаа олон үндэстэн ястнуудын өөр өөрийн гэсэн онцлогтой зохиогдож үлдсэн эдгээр сайхан дуунуудын бодит түүх, дууны бүрэн бадгийг тогтоох ажлыг эрдэмтэн судлаач, зохиолч, дуучидтай хамтран хийх нь зүйтэй юм. Ингэснээр Монголын соёлын биет бус өв болох уртын дууны гайхамшигт бүтээлүүд өвлөгдөн үлдэх юм. Миний бие ааваасаа сурсан, Оройн чимэг дууг жинхэнэ бадгаар нь, түрлэг цохилтоор нь дуулж өвлүүлэх, хүүхэд залуучуудад сургах сурталчлах ажлыг хэр хэмжээндээ хийж байна. Хэд хэдэн сургалтыг хийсэн.


2006 онд Отгон нутгийн ардуудын дунд түгээн дэлгэрсэн, энэ л нутагт зохиогдсон “Газрын хол”, “Оройн чимэг” дууг өвийн бүтээлийн жагсаалтад хоолойн бичлэг хийлгэж хадгалуулсан юм. “Оройн чимэг”-ийг 32 түрлэг буюу 128 мөр шүлгээс бүтсэн хэмээн орчин үежүүлэн зохиосон бүтээл гэхэд гарын таван хуруунд багтахаар байна. Харин “Оройн чимэг” дууг бүтэн бадгаар нь дуулсан уртын дуучин байхгүй.

-Танд баярлалаа.

 

Отгонтэнгэр ууланд зориулсан “Оройн чимэг” дуунаас хэсэгчлэн сонирхуулбал:

...Оройн чимэг болсон

Отгонхайрхан уул аа
Орчлонгийн чимэг болсон
Дилов ламын гэгээнээ
Оройн биеийг нь харвал
Очирваань бурхны шинжтэй
Зулай биеийг нь харвал
Зонхов бурхны шинжтэй
Магнай биеийг нь харвал
Манзшир бурхны шинжтэй
Дунд биеийг харахад
Дуган сүмийн байдалтай
Дуралзан гялалзан харагдана
Мандалт уулын оройд охь
Мандах нар тусна
Майдрын чимэг болсон цэцэг нь
Зүг зүгтээ ганхана аа
Ар голын рашаан нь
Асга бүгддээ мэлтийнэ
Арван зүгийн амьтны
Аливаа бузрыг арилгагч
Ариун сайхан утаан бэ...
...Өнөр баян явна гэдэг нь
Өндөр богдын минь аврал
Буянт бат сууна гэдэг нь
Баянзүрхийн минь аврал
Төр нь тогтож
Түмэн амгалан болтугай
Шашин нь дэлгэрч
Шавдан нь батжих болтугай хэмээн өгүүлэх ажээ.

 

関連ニュース