Төв аймгийн 12 суманд өвөлжилт хүндхэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВӨнөөдрийн байдлаар Төв аймгийн 12 сум зудын байдалтай байгаа бол 15 сум зудархуу байдалтай байна.
Төв аймгийн Аргалант, Архуст, Батсүмбэр, Баяндэлгэр, Баянхангай, Баянцогт, Баянчандмань, Борнуур, Жаргалант, Сүмбэр, Цээл, Угтаалцайдам зэрэг сумдад өвөлжилт хүнд буюу зудын байдалтай байна. Харин Төв аймгийн Алтанбулаг, Баян, Баянжаргалан, Баян-Өнжүүл, Баянцагаан, Бүрэн, Дэлгэрхаан, Заамар, Лүн, Мөнгөнморьт, Өндөрширээт, Сэргэлэн, Эрдэнэ, Эрдэнэсант, Зуунмод зэрэг сумдад өвөлжилт хүндхэн буюу зудархуу байдалтай байгаа гэдгийг Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн Газраас мэдээлэв.
Энэ оны өвөл, хаврын улиралд Төв аймагт 4.7 сая толгой буюу хонин толгойд шилжүүлсэнээр 8.6 сая толгой мал өвөлжиж байгаа юм. Мөн бэлчээрийн даац хүрэлцэхгүй байгаагаас одоогийн байдлаар нийт 338 өрхийн 353 мянган толгой мал отрын бүс нутгаар өвөлжиж байна.
Түүнчлэн Төв аймгийн Засаг даргын өнгөрсөн оны 722 тоот захирамжаар 2015 онд аймгийн аюулгүйн нөөцөд бэлтгэсэн нөөцийн өвсийг найман суманд нэг боодлыг нь 3000 төгрөгөөр, 2016 онд бэлтгэн нөөцөлсөн өвсийг 19 суманд нэг боодлыг нь 5500 төгрөгөөр, тэжээлийн будааг нэг тонныг нь 350 мянган төгрөгөөр 26 суманд тус тус хуваарилан олгож байгаа тухай Төв аймгийн ХХААГ-ын дарга Б.Жамбалдорж хэллээ.
Т.Есүхэйтөмөр