Худал мэдээлэлд няцаалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-01-24 20:26:41

Баянхонгор аймгийн Засаг даргыг төсвийн хөрөнгөнөөс өөртөө байр худалдаж авсан гэх мэдээлэл өчигдрөөс олон нийтийн цахим сүлжээ болон зарим сайтуудаар тараад байна.. Аймгийн ИТХ-ын хуралдаанаар өөртөө байр шийдүүлсэн гэх тус мэдээлэл худал цуурхал болохыг албаны эх сурвалжууд хэллээ. Тус үйл явдалтай холбогдуулан Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хууль, Эрх зүйн хэлтсээс мэдэгдэл гаргасан байна.

Тус мэдэгдэлд, "Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 94 дүгээр тогтоолын 2 дахь заалт, Засгийн газрын 1998 оны 148 дугаар тогтоолоор Төрийн, Улс төрийн болон Тусгай албыг хашихаар томилогдсон төрийн мэдлийн орон сууцанд суух албан тушаалтнуудын жагсаалтыг 2 дугаар хавсралтаар баталсан.

Уг жагсаалтад аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, аймгийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Ерөнхий шүүгч, аймаг, нийслэлийн Ерөнхий прокурор, Цагдаагийн газрын дарга зэрэг албан тушаалтан хамрагдсан байдаг. Энэ дагуу 2016 оны долдугаар сар хүртэлх хугацаанд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайханы гаргасан шийдвэрийг хүндэтгэж, төрийн залгамж чанарыг хадгалж, өмнө шийдвэр нь гарсан ч, төлбөр нь шийдэгдээгүй байсан байрны мөнгийг төлөхөөр төсвийн тодотгол хийсэн. Төсвийн тодотголыг батлах эсэх нь аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн асуудал юм" гэжээ.

Аймгийн Засаг даргын хувьд өөрөө хувийн орон сууцтай бөгөөд тус байранд амьдардаггүй, амьдрахгүй гэдгээ хэлээд зохион байгуулалттай худал мэдээлэл тарааж буй этгээдийг илрүүлэхээр хуулийн байгууллагад хандана гэлээ.

                                                                                                                             Б.Мөнхзул

関連ニュース