А.Карловыг хөнөөж буйг харуулсан гэрэл зургийг шилдгээр шалгаруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-02-14 15:13:08

ЛОНДОН. /ВВС/. ОХУ-ын Элчин сайд Андрей Карловын амийг хөнөөсөн үйл явдлыг харуулсан гэрэл зургаараа “Ассошиэйтед пресс” агентлагийн гэрэл зурагчин Бурхан Озбилижи “World Press photo” олон улсын тэмцээний шагналыг хүртлээ.

Гартаа буу барьсан алуурчин болон газарт унасан элчин сайдын зураг бол Озбилижигийн фото сурвалжлагын нэг хэсэг ажээ.

Тэрбээр элчин сайдын оролцсон үзэсгэлэнгийн нээлтийг сурвалжилж байсан бөгөөд буун дуу гарах үед нуугдаж амжин, зургаа дарсаар байжээ. Түүний авсан гэрэл зургуудыг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ашигласан юм.

Энэ оны “World Press photo” уралдаанд дэлхийн 125 орны 5034 гэрэл зурагчин бүтээлээ ирүүлсэн байна. Тэдгээрийн дотор Оросын дөрвөн гэрэл зурагчны бүтээл байжээ.

Оросын гэрэл зурагчин Валерий Мельниковын Украины зүүн нутагт дэгдсэн зэвсэгт мөргөлдөөнийг сурвалжилсан “Украины хар өдрүүд” цуврал гэрэл зураг “Урт хугацааны төсөл” төрөлд ялж, Нижняя Тунгуска голын дагуу орших нэгэн тосгоны оршин суугчдын зургийг авсан Елена Аносовагийн “Зам нийлэхгүй” цуврал “Өдөр тутмын амьдрал” төрөлд хоёрдугаар байр, Сергей Пономаревын Иракт авсан зургууд “Үйл явдал” төрөлд хоёрдугаар байр эзэлсэн бол Кристина Кормильцина Кубад авсан зургаараа “Хүмүүс” төрөлд гуравдугаар байр тус тус эзэлсэн байна.

Б.Мишээл

 

関連ニュース