Хосгүй үнэт зээгт наамлын нэг Төв аймгийн Зуунмод суманд хадгалагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗээгт наамал буюу торгон зураг нь Монголчуудын урлахуйн өвөрмөц сэтгэмж, гарын нарийн ур, сэтгэлгээний давтагдашгүй байдлыг илтгэсэн ховор содон урлагийн төрөл юм. Монголд ийм ховор олдвор дөрөвхөн байдгийн нэг нь өдгөө Төв аймгийн Зуунмод сумын музейд хадгалагдаж байна.
Олон жилийн хугацаанд хадгалагдаж буй соёлын хосгүй үнэт өв болох энэ зээгт наамлын урт нь 130 см өргөн нь 257 см урт юм. Уг үзвэрийг "Ганзай" нэртэйгээр өргөн олны мэлмийд хүргэж байгаа юм .
"Хүннү булшнаас олдсон ширмэл урлал нь өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн зээгт наамлын анхны бодит дурсгал гэж үздэг. Олон мянган жилийн явцад төгөлдөржин хөгжиж ирсэн энэ урлаг, өөр улс үндэстэнд бараг үгүй бөгөөд Монголын дүрслэх урлагийн үнэт ховор өв гэж судлаачид нотолдог. Бишрэл хүндэтгэлийн агуулгыг илүүтэй илэрхийлдэг, чимэглэлийн урлагийн энэхүү бүтээлийг торгоор өнгө хоршуулан зохиомжилж, торгон утсаар зээглэн тодруулж эрдэнийн чулуугаар чимэн бүтээдэг тул уран зургаас эрс ялгаатай илүү эрхэмсэг үнэ цэнэтэй чамин тансаг байдаг. Нөгөө талаас уран бүтээлчээс нөр их хөдөлмөр, тэсвэр тэвчээр шаардах бөгөөд материалын сонголт, нарийн нямбай ажиллагаа, цаг хугацаа их шаарддаг онцлогтой" гэж Төв аймгийн музейн дарга Б.Сүхбаатар хэллээ.
Мөн аймгийн музейн Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн "Зээгт наамал" танхимд соёлын хосгүй үнэт өвд бүртгэгдсэн зээгт наамлын нэг болох 12 метр урт, хоёр метр өндөр "Дүншигийн 35 бурхан", хоёр метр 80 сантиметрийн диаметртэй "Дүйнхорын хот мандал" зэрэг ховор бүтээлүүд байдаг ажээ.
Т.Есүхэйтөмөр