Борнуур сумаас Улсын аваргууд тодров
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Мал аж ахуй, газар тариалангийн салбарыг хослуулсан Төв аймгийн Борнуур сумаас Улсын аварга фермерээр Б.Лувсандорж, Б.Баянжаргал нар шалгарсан бол Улсын аварга тариаланчаар Н.Хишигт тодорлоо.
Төв аймгийн Борнуур сумын Улсын аварга тариаланчийн шагналыг гардсан Н.Хишигтийн хувьд усалгаатай хүнсний ногоо тариалах технологийг нэвтрүүлэн ажиллаж бөгөөд өдгөө 30 иргэнийг ажлын байраар ханган ажиллаж байна.
Харин Б.Баяржаргал 1997 онд таван үнээ, таван үхэртэй фермерийн аж ахуйгаа эхлүүлж байсан бол өнөөдөр 200 гаруй толгой малтай болтол хөдөлмөрлөсөн аж. Тэрээр өдгөө сүүний чиглэлийн 32 үнээтэй бөгөөд жилдээ 140 мянган литр сүүг Улаанбаатар хотын иргэдийн хэрэгцээнд нийлүүлж байна. Мөн газар тариалан эрхлэгчдэд жилдээ 40 тонн малын бордоо нийлүүлдэг байна. Б.Баянжаргал монгол мал, малын чанар сайжруулах хөтөлбөр болон Сүү үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч гэдгээрээ Улсын аварга фермерийн болзлыг хангасан байна.
Харин Улсын аварга фермер Б.Лувсандорж малын үүлдэр угсааг сайжруулж, тоо толгойг нь өсгөж, уламжлалт болон орчин үеийн арга техникийг хослуулсны зэрэгцээ ажлын байрыг тогтмол нэмэгдүүлсэн аж.
Шагналыг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд гардуулан өглөө.
Сонирхуулахад, Төв аймгийн Борнуур сум Улаанбаатар хотын хүн амын төмсний хэрэгцээний 10 хувь, хүнсний ногооны дөрвөн хувь, сүү сүүн бүтээгдэхүүний хэрэгцээний 15 хувийг дангаараа хангаж байна.
Т.Есүхэйтөмөр