Сүхбаатар аймаг сонинтой боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт сүүлийн арваад жил тогтмол хэвлэгддэг сонин байгаагүй гэж хэлж болно. Энэ хооронд хэд хэдэн төрлийн сонин гарч байсан ч тогтмолжиж чадалгүй үйл ажиллагаа нь зогссон байдаг. Тэгвэл энэ удаа “Сүхбаатарын өнгө” сонин энэ сараас эхлэн уншигчдын хүртээл болж байна. Тус сонин нь арав хоногт нэг, сард гурван дугаар хэвлэгдэн гарах юм байна.
Сүхбаатар аймгийн нийгэм, улс төр, мэдээллийн тогтмол хэвлэл "Сүхбаатарын өнгө" сонины хамгийн анхны дугаар энэ сарын 10-ны өдөр хэвлэгдэн гарч уншигчдын гар дээр очлоо. Хоёр хуудас, дөрвөн нүүр бүхий тус сонин дээр аймаг орон нутагтай холбоотой бүхий л мэдээ мэдээлэл, зар сурталчилгаа багтсанаас гадна, энэ нутгаас төрөн гарсан уран бүтээлчдийг алдаршуулах, уран бүтээлийг нь уншигч түмэнд сурталчилах зорилго бүхий “Уран бүтээлийн булан” нээжээ.
Бид сониныхоо мэдээ мдээллийг бодит, тэнцвэртай байх тал дээр маш их анхаарч байгаа. Одоогоор өөрийн гэсэн жижиг байртайгаар үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Сүхбаатар аймагт сүүлийн арваад жил тогтмол хэвлэл байгаагүй гэдэг утгаараа сониныг маань иргэд ч их таатай хүлээн авч байна. Сонин гэдэг өөрөө их онцлогтой. Ямар нэг мэдээ мэдээлэл телевиз, радиогоор нэг удаа яригдаад өнгөрдөг бол сонинд нийтлэгдсэн мэдээлэл үүрд хадгалагдан үлддэг. Мөн ганц орон нутгаар хязгаарлагдахгүй, Монгол орны хаана ч байгаа уншигчдад хүрэх боломжтой учир нэг талаараа аймаг орон нутгийг илтгэх, сурталчилах томоохон хэрэгсэл юм. Энэ утгаараа манайд орон нутгийн тогтмол сонин эрэлт хэрэгцээтэй байсан гэж болно. Цаашид үйл ажиллагаа, мэдээ мэдээллээ сайжруулахын тулд хичээн ажиллах болно...” хэмээн сонины эрхлэгч Д. Улаанхүүхэн ярьж байна.
Сонин цаашид тогтмол хэвлэгдэх юм. Ингэснээр орон нутгийн иргэд, малчид өөрийн хэрэгцээт мэдээ мэдээллээ телевизээс гадна сониноос авах бүрэн боломжтой боллоо.
Сүхбаатарын өнгө сонины улиралын захиалгын үнэ 4500 төгрөг, нэг дугаарын худалдах үнэ 500 төгрөг юм байна.
Т. Одончимэг