Францын Рубрук тосгон “Эко бие засах газар” төслийг хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-07-31 11:44:14
Ховд/МОНЦАМЭ/ Францын Рубрук тосгон, “Гийум де Рубрук” холбоо  2015 оноос эхлэн Ховд аймагт  “Эко бие засах газар” төслийг  хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд өнгөрсөн жил Ховд аймгийн Жаргалант сумын гэр хорооллын  багуудын 87 өрхөд Эко жорлон  суурилуулсан юм. Харин  энэ жил 120 өрхөд суурилуулахаар төлөвлөж байна. Экожорлон үнэргүй, цэвэрхэн, тав тухтай, эдийн засгийн хэмнэлттэй, хөрсөнд бохирдол үүсгэхгүй учраас байгаль орчин, эдийн засагт ээлтэй шийдэл юм.
 
Төслийн багаас энэ удаад  аймгийн ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ-тай хамтран эхний шатны ажлынхаа үр дүнг үзэж, хэрэгжилтийг шалгахаар Ховд аймагт ажиллаж байна. Ингэхдээ ашиглахгүй байгаа айл өрхүүдээс Эко жорлонг хураан авч, арчилж, ашиглах хүсэлтэй байгаа айл өрхүүдэд суурилуулж өгөхөөр ажиллаж байна. 
Ямар ч үнэ төлбөргүйгээр байгаль орчинд ээлтэй эрүүл ахуйн шаардлага хангасан жорлонг суурилуулж өгсөөр байтал ашиглахгүй байгаа айл өрхүүд олон байлаа. Нөгөө талаар өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарч, байгаль орчинд ээлтэй зөв бодлогыг дэмжин арчилж, тогтмол хэрэглээ болгоод хэвшчихсэн айл өрхүүд ч байсан юм. Энэ жил төслийг хэрэгжүүлэхэд аймгийн ЗДТГ-аас анхаарч, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг Эко бие засах газар төслийн хэрэгжилтэнд тогтмол хяналт тавьж, ажиллах юм байна.
А.Бямбасүрэн
関連ニュース