Үйлдвэрлэлийн дадлагын багш нарыг чадавхжуулах сургалт явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-11-01 14:05:47
Ховд /МОНЦАМЭ/ Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Ашигт малтмалын салбар дахь Түншлэлд суурилсан "Мэргэжлийн боловсрол, сургалт" төслөөс санаачлан үйлдвэрлэлийн дадлагажуулагч багш нарыг чадавхжуулах сургалт явуулж байна. Тус сургалт Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллеж дээр зохион байгуулагдаж байна. 
Тухайн үйлдвэрлэлийн салбарт дадлагажуулагч багш бэлтгэхэд сайжруулах анхаарах асуудлын талаар  ярилцаж,  туршлага солилцож байна. Түүнчлэн тус сургуулийн мэргэжлийн боловсрол ямар хөтөлбөрөөр явагдаж байгааг ажил олгогч нар нь мэддэг, хамтарч сургалт явуулдаг ХБНГУ-ын мэргэжлийн сургалтын төвийн туршлагыг энд зааж байна.
Сургалтын хүрээнд үйлдвэрлэлийн дадлагажуулагч багш нар дадлагажигч оюутнуудтай хэрхэн ажиллах, ямар арга зүйгээр зөвлөн туслах, зааварчилгаа өгөх талаар болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, багаж, техник хэрэгсэлтэй хэрхэн харьцах онол практикийн мэдлэг олж авсан юм.
Ховд Хөгжил политехник коллежийн суралцагч  нар  ихэвчлэн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон Баянзаан”, “Газрын шувуу”, “Ховд Скай”, “Тулгат багана”, “Бадамлах дөл”, “Буянт тэгш үйлс”, “Ховд баганат” ХХК зэрэг хувиараа бизнес эрхлэгчдийн аж ахуйн нэгж дээр үйлдвэрлэлийн дадлага хийдэг. Эдгээр компани, аж ахуй нэгжийн ажилтнуудыг чадавхжуулах, дадлагажуулагч багш нарыг бэлтгэх сургалтыг жилд нэг удаа зохион байгуулдаг байна. Тус сургалт уламжлалын дагуу тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм.
Хөгжил политехник коллежийн дэд захирал Т.Гиймаа “энэ сургалт нь дадлагажуулагч багш оюутантай хэрхэн хамтарч ажиллах, ямар чиглэлээр зааварчилгаа өгөх ёстой, мөн хэрхэн үнэлж дүгнэхийг онол болон ур чадварын хүрээнд хөгжүүлэн сургалаа. Ингэснээр манай суралцагч хүүхдүүд мэдлэг, ур чадварын хувьд ажлын байранд гараад гологдохгүй байхад нөлөөлөх ач холбогдолтой” гэв.
                                                                                                                                                        А.Бямбасүрэн
関連ニュース