Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-11-03 14:59:20
Ховд/МОНЦАМЭ/ Ховд их сургууль /ХИС/-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль /НХУС/-ийн Хэл зохиолын тэнхимээс санаачлан Төрийн хошой шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн, Урлаг судлалын ухааны доктор Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Ч.Лодойдамба-100 жил” эрдэм шинжилгээний бага хурлыг  10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан юм. 
Эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь зохиолч Ч.Лодойдамбын уран бүтээлийг сурталчлах, зохиолчийн амьдрал, уран бүтээлийг дэлгэрүүлэн судлах, зохиолчийн уран бүтээлийг таниулах, оюутнуудыг уран зохиол судлал, шүүмжлэлийн арга барилд сургахад чиглэж байлаа. 
Бага хурлын нээлтэд НХУС-ийн захирал Ц.Пүрэвсүрэн болон ХИС-ийн эрдэмтэн багш нар, оюутнууд оролцжээ.
Мөн энэ үеэр хэл бичгийн ухааны доктор Д.Өрнөхдэлгэр “Ч.Лодойдамба судлал, түүний туршлага”, докторант Ш.Цоодол “Ч.Лодойдамбын “Хугараагүй ноён нуруу” өгүүллэг дэх нүдний дүрслэл” сэдвээр тус тус үндсэн илтгэл хэлэлцүүлснээс гадна ХИС-ийн монгол хэл-уран зохиол, бага ангийн багшийн ангийн 1-3 дугаар ангийн 10 гаруй оюутан Ч.Лодойдамбын намтар, уран бүтээл, өгүүллэг, тууж, романы дүр дүрслэл, зохиомж, өгүүлэмжийн онцлог, жүжгийн зохиолын туурвилзүйн туршлагын талаар 8-10 минутын илтгэл тавьсан байна.
Тус Эрдэм шинжилгээний бага хуралд оролцож илтгэл тавьсан судлаач оюутнуудад “Чадраабалын Лодойдамба сан”-гаас  өргөмжлөл олгож, зохиолчийн бүтээл туурвилын дээжээс бэлэглэсэн юм. 
Мөн ХИС-ийн Номын сангаас санаачлан зохиолч Ч.Лодойдамбын туурвисан зохиол бүтээл болон  зохиолчийн уран бүтээлийг дагнан судлаач Б.Ганбат, Хэл утга зохиолын хүрээлэнгийн судлаач Б.Мөнхбаяр  нарын судалгааны бүтээлүүдээр номын үзэсгэлэн гаргасан юм. Үүнээс гадна ХИС-ийн номын санч Б.Долгормаа зохиолчийн намтар түүх, бүтээл туурвилтай холбоотой материал цуглуулан, Ч.Лодойдамбын уран бүтээлийн, судалгаа, дурсамж тэмдэглэл, ном зүйн гарын авлагыг  эмхэтгэн хэвлүүлсэн байна.
А.Бямбасүрэн
 
                                                       
関連ニュース