Чацарганы ханд үйлдвэрлэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-11-14 12:56:33

Увс аймгийн “Өнгөлөг трейд” компанийн захирал Т.Цэвээнравдан сүүлийн гурван жилийн судалгаа шинжилгээ, туршилтынхаа үр дүнд чацарганы бас нэг төрлийн бүтээгдэхүүнийг шинээр бий болгожээ.

Чацарганы ханд буюу чацарганы бальзам хэмээх энэхүү шинэ бүтээгдэхүүн нь сахар болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнгүй шинэ жимсний шүүсийг тусгай технологиор боловсруулан гаргаж авсан экологийн цэвэр хүнс болж чадсан байна. Чацарганы хандыг 20 граммаар савласан бөгөөд 150-200 мл буцалсан буюу цэвэр усанд уусгаж, хүсвэл сахар нэмэхэд зөөлхөн, шинэхэн чацарганы амттай шүүс болдог аж. Аян зам, аялал жуулчлалаар явах, ажлын байран дээрээ кофены оронд хэрэглэж алжаал ядаргаагаа тайлахад Чацарганы ханд нь өндөр ач тустайгаас гадна төрөл бүрийн амин дэм, микро, макро элементээр баялаг тул эрүүл мэндэд нэн чухал ач холбогдолтой байна.

Хүнсний уутанд 20 граммаар савласан Чацарганы хандыг 10 ширхэгээр нь хайрцаглаж худалдаанд гаргаж байгаа энэ бүтээгдэхүүний  нэг хайрцаг нь 3000 төгрөгийн үнэтэй аж.

Энэхүү бүтээгдэхүүнийг Франц, Герман, Япон зэрэг орны Увс аймагтай холбоотой ажиллаж чацарганы бүтээгдэхүүнийг сонирхдог хүмүүст амтлуулж танилцуулсан бөгөөд тэд их л олзуурхаж ам сайтай хүлээн авч хамтарч ажиллахаар болжээ.    

“Чацарганы хандыг цагт 2000 ширхэгийг үйлдвэрлэдэг төхөөрөмж суурилуулбал жилд 490-ээд сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой” хэмээн “Өнгөлөг трейд” компанийн захирал, Монгол Улсын шинэ санаа, оновчтой бүтээлийн эзэн Тангаагийн Цэвээнравдан гуай онцоллоо.

Увс аймаг Б.Батхүү

関連ニュース