Гялгар уут хаяснаас усны амьтдад хор хөнөөл учирч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-11-15 09:47:56
Ховд /МОНЦАМЭ/ Үенч, Бодонч, Булган голын сав газрын захиргааны хамт олон энэ онд голын ай савын хог хаягдлыг цэвэрлэж, усны менежментийн нэгдсэн төлөвлөгөө боловсруулж, Булган голын усны тооллогыг бүрэн явуулсан байна. Мөн хяналт шалгалтын ажлыг давхардсан тоогоор 17 удаа зохион байгуулж 20 гаруй зөрчил дутагдал илрүүлэн ажиллажээ.
Дээрх тооллого, шалгалтын үеэр хамгийн түгээмэл илэрсэн нэг зөрчил бол гялгар уутыг усанд хамаагүй хаяснаас үүдэн голын усанд амьдардаг амьтад ялангуяа загас орооцолдож үхэх зэргээр амьдрах орчинд нь аюул учруулж байгаа явдал байв. Ажлын хэсгийнхэн зургийг нь авч баримтжуулан, хүний буруутай үйл ажиллагаа байгаль экологид хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг ард иргэдэд бодитоор харуулан, анхааруулжээ.
Мөн сумын сургуулийн сурагчдын дунд “Минжний найзууд” эко клуб байгуулан “Цэнхэр нүдэн дэлхийгээ Цэнгэг устай нь хайрлая” уриатай гол усаа хоггүй байлгах, минжний амьдралыг судалж, хамгаалах талаар танин мэдэхүйн мэдлэг олгон тусалж байна. Тус сав газрын захиргаанаас иргэдийг голын эрэг хавиар зугаалахдаа орчиндоо хогоо ил задгай хаяж байгаль орчноо бохирдуулалгүй уутанд хийж, хогийн цэг дээр хаяхыг анхааруулсан самбар байршуулжээ.
Монголд цорын ганц байдаг Aзийн шар минж, улаан номонд орсон "Шаргал үхэрдэй" гэх загас, Чийр гэх зэрэг  ховор, нэн ховор амьтад Ховд аймгийн Булган сумын Булган голд цөөнгүй бий. Булган голын ай сав, экосистемийг хамгаалах ажилд Булган сумын Засаг даргын Тамгын газар, Үенч, Бодонч, Булган голын сав газрын захиргаа хамтран ажиллаж байгаа юм. 
 
                                                                                                                                                         А.Бямбасүрэн
関連ニュース