Ирвэстэй ууланд автомат камер байршуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-11-17 17:57:43
 Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Манхан сумын сургуулийн "Бөхөн" эко клуб болон Зэрэг сумын сургуулийн "Гүем" эко клубын сурагчид  сумынхаа байгаль хамгаалагчдын удирдлаган дор ирвэс ажиглалтын найман автомат камерыг энэ сарын эхээр ууланд байрлуулаад байна.
Үүний хажуугаар ирвэсэнд идүүлсэн малын судалгааг айл тус бүрээр хийж байгаа бөгөөд оны эцсээр уг судалгаа эцэслэн гарах  юм байна.
Байгаль орчноо хамгаалах, зэрлэг амьтдын тоо толгойг бууруулахгүй байх, устахаас нь аварч үлдэхэд тухайн нутгийн ардын оролцоо тун чухал. Наад зах нь үхэр мал руу дайрсан ирвэсийн эсрэг  хоточ нохойгоороо туулган бариулах зэрэг элдэв аргууд нь хулгайн ангаас дутуугүй тоо толгойг нь бууруулдаг гэнэ.
Ууланд автомат камер байршуулах нь ан амьтан хамгаалахад ямар үр нөлөө үзүүлдэг болох талаар Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын баруун бүс хариуцсан захирал Д.Байгальмаа “Гурван жилийн өмнө цахим хуудсанд хавханд орсон ирвэсний зураг тавьсан. Энэ ирвэс нь автомат камерт бичигдсэн байсан. Автомат камерыг ууланд тавиад хоёр сарын дараа буцааж авдаг.  Үүнийг үзсэн маш олон хүнээс асуултууд ирсэн. “Хавхыг салгаж авч чадсан уу?” “Одоо тэр ирвэс яасан бэ” гэсэн асуултууд байсан. Эндээс хавх гэж ямар аюултайг мэдэж авсан. Манай байгууллагынхан дор бүрээ юу хийх талаар бодож эхэлсэн. Тэгээд би Жаргалант хайрхан ууланд буюу хавхтай ирвэс явж байсан нутагт очоод 200 гаруй хүүхдүүдтэй уулзсан. Хүүхдүүд хавхны талаар их сонин тоо хэлж байсан нь миний анхаарлыг татсан. Аймгийн даргатай уулзаж хавхгүй аймаг болох талаар уриалга гаргуулж чадсан. Энэ нь яваандаа байгаль орчны сайдад хүрч Монгол улсын хэмжээнд хавх тавихгүй байх тушаал шийдвэрийг гаргуулж чадсан юм ” гэв.
Дэлхийд ирвэстэй 13 улс байдгийн нэг нь манай улс бөгөөд ирвэсний тоо толгойгоор дэлхийд хоёрт ордог. Өнөөдрийн байдлаар Монгол оронд 1200 цоохор ирвэс нутаглаж байна гэсэн тоо бий ч нүүдэллэж амьдардаг амьтан учраас нарийн тоо гаргах боломж бага байдаг.
                                                                                                                                                              А.Бямбасүрэн
関連ニュース