Ховд аймгийн хэмжээнд дутуу төрөлт нэмэгдэх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-11-18 15:23:00
Ховд/МОНЦАМЭ/ "Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөр"-ийг 2009 оноос эхлэн дэлхий нийтээр,  2012 оноос Монгол Улс жил бүрийн 11-р сарын 17-ны өдөр тэмдэглэж ирсэн байна. Энэ жилийн тухайд уг өдрийг "Дэлхий нийтээрээ хамтдаа нэгдэцгээе" уриан дор тэмдэглэж байна. Баруун бүсийн тулгуур төв, Ховд аймгийн БОЭТ-ийн Амаржих газрын хамт олноос санаачлан энэхүү өдрийг анх удаагаа тэмдэглэн өнгөрүүлж, тодорхой ажлыг хийж хэрэгжүүлж байхаар шийдвэрлэжээ.
Улсын хэмжээнд нэг жилийн нийт төрөлтийн долоон хувийг дутуу төрөлт эзэлдэг бол нярайн эндэгдлийн 65-70 хувийг дутуу нярай эзэлдэг гэсэн статистик мэдээлэл бий. Тэгвэл Ховд аймгийн хэмжээнд өмнөх жилүүдэд дутуу төрөлт дөрөв орчим хувьтай байсан бол энэ тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгааг мэргэжлийн эмч нар хэлж байна. Тиймээс энэ жилээс эхлэн "Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөр"-ийг тэмдэглэхдээ эх барих эмэгтэйчүүдийн эмч, ажилтнууд хамтран иргэд олон нийт, тэр дундаа эхчүүдэд нярай болон хүүхдээ асрах дадлыг олгох мэдээлэл сурталчилгаа хийх, цаашлаад төрөх тасгийн эмч, эх баригч, сувилагч, нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. 
                                                                                                                                                      А.Бямбасүрэн
関連ニュース