Ахуй үйлчилгээний салбарынхан мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-11-24 17:15:19
Ховд /МОНЦАМЭ/ Ахуйн үйлчилгээний салбарын үйлчилгээг ард иргэдэд ойртуулж, энэ салбарт ажиллагсдын мэргэжил, ур чадвар, үйлчилгээний чанар, соёл хүртээмжийг сайжруулах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газраас аймгийн Хөдөлмөр, Халамж, үйлчилгээний газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандарчлал, хэмжилзүйн хэлтэс, Татварын хэлтэс, Ховд Хөгжил Политехник коллеж, аймгийн Үйлдвэрлэл хоршоодын холбоодтой хамтран "Ахуйн үйлчилгээний өдөрлөг" зохион байгуулсан юм.
"Ахуйн үйлчилгээний өдөрлөг”-ийн хүрээнд сургалт зөвлөлгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулахын зэрэгцээ оёдолчид, үсчид, гуталчдын дунд ур чадварын уралдаан, спортын тэмцээн зохион байгууллаа.  Оёдолчдын ур чадварын уралдаанд Жаргалант суманд үйлчилгээ эрхэлж буй 20 гаруй оёдолчид оролцож, гурван цагийн дотор "Монгол цамц урлах" даалгавраар өрсөлджээ. Уралдааны дүнд оёдолчин О.Насанбуян тэргүүн байр, оёдолчин А.Бадамханд дэд  байр, оёдолчин Б.Болорчулуун гуравдугаар  байранд  тус тус шалгарсан байна.
 
Мөн энэ үеэр зохион байгуулсан Загвар үзүүлбэрийн төрөлд 20 гаруй хүн оролцсоноос Ч.Энхээгийн бүтээл  тэргүүн  байр, Н.Туяагийн бүтээл дэд байр, н.Жавзанхандын бүтээл гуравдугаар байранд тус тус шалгарсан байна.  Харин Үсчдийн ур чадварын уралдаанд Жаргалант суманд ажиллаж байгаа 70 гаруй үсчин оролцсоноос 15 үсчин нь "Үдшийн гоёлын засалт" төрлөөр ур чадвараа сорин өрсөлдсөнөөс үсчин Л.Отгонцэцэг нэгдүгээр байр, үсчин Г.Сарантуяа хоёрдугаар байр, үсчин Н.Мөнхтулга гуравдугаар байранд шалгарав.
 
Ахуйн үйлчилгээний салбарынхан ур чадвараараа өрсөлдөхөөс гадна спортоор нөхөрлөж, гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулахад "Их буян" захын оёдолчид тэргүүн байранд, зурагчдын баг дэд байранд,  Ахуйн үйлчилгээний баг гуравдугаар байранд шалгарсан юм.  Мөн гуталчид тус тэмцээнд дангаараа баг болж оролцон “Эко” гутлын үйлдвэр нэгдүгээр  байр, гуталчин М.Бат-Очир хоёрдугаар байр, “Цасны хаан” ХХК гуравдугаар байранд тус тус шалгарч энэ жилийн “Ахуйн үйлчилгээний өдөрлөгийн шилдэг”-үүдээр тодорсон байна. 

Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх замаар орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх асуудал аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр төдийгүй Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан. Тиймээс ахуйн үйлчилгээний салбарыг аймгийн төвдөө биш хөдөөгийн сумдад байгуулахаар  шат шатандаа санаачлага гарган төлөвлөж байна. Ховд аймаг ахуйн үйлчилгээний салбарыг дан ганц үйлдвэрлэгчид, тухайн салбарынханд үүрүүлээд орхих биш тэднийг зохих бодлогоор дэмжиж ажиллахаас гадна "Ахуйн үйлчилгээний өдөрлөг"-ийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.
 
                                                                                                                 А.Бямбасүрэн


 
関連ニュース