Хөшөөт тосгоныг ирэх оноос нүүлгэн шилжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-11-29 14:33:59
Ховд /МОНЦАМЭ/ Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд “Баруун бүсийн чуулга уулзалт”-ыг Ховд аймагт зохион байгуулж байна. Чуулга уулзалтын хүрээнд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, УИХ дахь хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн А.Ундраа нар баруун бүсийн чуулганд оролцох үеэр Хөшөөтийн уурхайн үйл ажиллагаатай танилцжээ.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Мо Эн Ко” ХХК-ийн удирдлагууд орон нутгийн хөгжилд анхаарч, дэмжлэг үзүүлэх зорилготой ажиллаж буй нь зөв зүйтэй юм. Цаашид ч энэ мэтчилэн орон нутгаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, иргэдийг нь ажлын байраар ханган, харилцан бие биедээ дэмтэй байдлаар Монголын уул уурхайн үйлдвэрлэл яваасай” гэж Хөшөөтийн уурхайн ажилтай танилцах үеэр онцоллоо.
Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь Хөшөөтийн чулуун нүүрсний ордод 2007 оноос эхлэн “Мо Эн Ко” ХХК ашиглалтын долоон тусгай зөвшөөрөл эзэмшин, үйл ажиллагаа явуулж буй билээ. Тус ордын бодит нөөцийг 2016 оны 3 дугаар сард 87,99 сая тонн гэж шинэчлэн тогтоосон байна.
Коксжих нүүрсний тус уурхайд өдгөө 1000 гаруй хүн ажиллаж байгаагаас 700 орчим нь монгол ажилчид юм. Түүнчлэн “МоЭнКо” ХХК нь Ховд аймгийн иргэдэд 40 орчим хувийн хөнгөлөлттэй үнээр нүүрс  нийлүүлдэг. Мөн туслан гүйцэтгэх ажлууд, хүнс бараа нийлүүлэлтийн дийлэнхийг орон нутгаас авахаар гэрээ байгуулан ажилладаг юм.
Энэ талаар тус компанийн Төр, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал Ж.Гөлөгөө “Манайх орон нутагтай хамтран ажиллах гэрээний дагуу нийт ажилчдын 71 хувийг орон нутгаасаа авч ажиллуулж байна. Мөн Ховд аймгийн компаниуд манай экспортын тээвэрлэлтийг 100 хувь гүйцэтгэн ажиллаж байгаа” гэв.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон УИХ-ын гишүүн А.Ундраа нар Хөшөөтийн уурхайтай танилцсаныхаа дараа тус орон нутгийн иргэдийн төлөөлөлтэй уулзсан юм. Энэ үеэр нутгийн иргэд тус тосгонд суурьшсан хүн бүр амьсгалын замын өвчлөлтэй болж, иргэдийн хашаанаас ганцхан метрийн зайд хөрс хуулалтын шороон овоолго түрж орж ирээд байгааг УУХҮ-ийн сайд болон албаны бусад хүмүүст дуулгав.
Хөшөөт багт өдгөө 215 өрх, 1500 гаруй иргэн амьдардаг байна. Сүүлийн жилүүдэд тус тосгоныг нүүлгэн шилжүүлэх тухай яригдсаар байгаа ч өнөөг хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй байна. Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний амь, эрүүл мэндийг давсан ямар ч эрх ашиг байх ёсгүй гэдгийг Д.Сумъяабазар сайд дуулган энэ талаар анхааралдаа аван ажиллана хэмээлээ. 
Энэхүү тосгоныг нүүлгэн шилжүүлэхээр 2018 оны төсөвт 600 сая төгрөг тусгасан байна. Иймээс үлдсэн хэсгийг компани болон орон нутаг хамтран шийдэж ирэх онд багтаан нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлэхээ Ховд  аймгийн Засаг дарга Д.Галсандондог хэлсэн юм. Мөн тэрбээр “Уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил норм дүрмийн дагуу хэвийн явагдаж байна. Гагцхүү нүүрсийг хуурай технологийн аргаар баяжуулдаг тул энэ нь орчин тойрондоо муугаар нөлөөлж байгаа. Бид цаашид нойтон аргаар нүүрсийг баяжуулах асуудлаар өнгөрсөн жил компанитай гэрээ байгуулсан. Ингэснээр 100 гаруй хүн ажлын байртай болж, байгаль орчинд ч эерөг нөлөө үзүүлнэ” гэлээ. 
                                                                                                                                                     А.Бямбасүрэн
 
 
関連ニュース