Баянхонгор аймаг загасчлалын тэмцээнийг анх удаа зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-01-16 16:27:39
Баянхонгор /МОНЦАМЭ/. Загасчлалын тэмцээнийг Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутаг Биндэръяа хөх нууранд энэ сарын 27, 28-нд зохион байгуулах гэж байна. Анхны жилдээ болох гэж буй тус тэмцээнийг говь хангай хосолсон үзэсгэлэнт нутгийн аялал жуулчлалын нөөц бүтээгдэхүүн газрын нэг, үзэсгэлэнт сайхан байгальтай нутгийг сонгосон нь энэ жилийг Баянхонгор аймаг "Аялал жуулчлалыг дэмжих жил" болгосонтой холбоотой аж.
Загасчлалын тэмцээнээс гадна үзэсгэлэнт газруудаа танилцуулах зорилго байгааг албаныхан хэлсэн.
Орон нутгийн онцлог ан амьтнаа хайрлан хамгаалах, танин мэдэх, сурталчлан таниулах, байгаль дэлхийтэй зүй зохистой харьцах, загас барих дэвшилтэт арга технологид суралцах зэрэг зорилгын хүрээнд тус тэмцээнийг аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба, Баянхонгор аймгийн Загасчлалын холбоо, Жаргалант сумын ЗДТГ хамтран зохион байгуулж буй аж.
Багийн болон ганцаарчилсан төрлөөр, барьсан загаснуудын нийлбэр жингээр аваргуудыг тодруулж, эхний гурван байрыг шагнаж урамшуулна. Мөн хамгийн том загас барьсан нэг хүнийг тусгай шагнал хүлээж байгаа гэнэ.
Тэмцээнд оролцохыг хүсэгчид энэ сарын 20-ны дотор Жаргалант сумын ЗДТГ-т бүртгүүлэх боломжтой бөгөөд дотоод, гадаадын загасчид, загасчлалыг сонирхогч хэн бүрт нээлттэй юм байна.
                                                                                                                                      Б.Мөнхзул
関連ニュース