Брайль үсгийн сургалт явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-11-24 13:40:33

Увс аймгийн Хараагүйчүүдийн холбооноос гишүүдийнхээ дунд Брайль үсгийн сургалт явуулж эхлээд байна.

Энэхүү сургалтад бүрэн хараагүй 5, мөрөө хардаг 3, нийтдээ 8 хүн хамрагдаж байгаа аж. Сургалтыг бүрэн хараагүй, Х.Төртогтох гэх залуу явуулж байгаа бөгөөд тэрбээр 2009 онд брайль үсэг сурчээ.

“Мерси Кор Монгол” Олон Улсын Байгууллагын Увс аймаг дахь төлөөлөгчийн газраас 2009 онд аймгийн Хараагүйчүүдийн холбоон дээр төсөл хэрэгжүүлж, энэ хүрээнд брайль үсгийн сургалт явуулан 10 гаруй хараагүй иргэдийг бичиг үсэгтэй болгосон байна. Мөн брайль үсгийн сурах бичиг, ном хэрэглэгдэхүүнээр аймгийн Хараагүйчүүдийн холбооны салбарыг хангажээ. Энэхүү сургалтанд суусан хүмүүсээс Х.Төртогтох өнгөрсөн зун Улаанбаатар хотноо очиж сургалтанд хамрагдан брайль үсэг заах эрх авснаар тус сургалтыг аймагтаа дахин явуулж байгаа нь энэ аж. Тэрбээр хувиараа бариа заслын массажистын төв ажиллуулж, өөрөө өөрийгөө ажлын байраар хангаж, гэр бүлийнхээ амьдралыг нуруундаа үүрч явдаг байна.

“Манай холбооны зүгээс хараагүй иргэдийнхээ дунд төрөл бүрийн сургалт явуулж, спортын уралдаан тэмцээн зохиодог болсноор тэдний маань амьдрах урам зориг сэргэж, аливааг өөдрөгөөр төсөөлөх болсон” хэмээн Увс аймгийн Хараагүйчүүдийн холбооны тэргүүн Б.Болдбаатар онцоллоо.

Увс аймаг Б.Батхүү

 

 

 

 

関連ニュース