Цахим тоглоомын газрууд улирал бүр тайлан гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-03-05 17:09:45
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн цахим тоглоомын газрууд аймгийн Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, МХГ зэрэг байгууллагуудад улирал бүр үйл ажиллагааны тайлан гаргаж байхаар болжээ.
Мөн үйлчлүүлэгчдийн бүртгэлийн карттай болох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж цагийн хуваарийн дагуу ажиллах, компьютер асахад дэлгэцэн дээр урьдчилан сэргийлэх, анхааруулга, сэрэмжлүүлгийг гаргаж байх, цахим тоглоомын үйл ажиллагаа эрхлэгчид хүүхэд багачуудыг цахим тоглоомд донтохоос урьдчилан сэргийлэх, хор уршгийн талаар шторк, сэрэмжлүүлэг бэлтгэж хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан иргэд олон нийтэд хүргэж байхаар тогтсон байна. 

Аймгийн Цагдаагийн газраас Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, хүүхэд багачуудыг цахим тоглоомд донтохоос урьдчилан сэргийлэх, цахим тоглоомын газруудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоол, Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсны дүнд дээрх арга хэмжээг авч байхаар болжээ.

Сургалт, хэлэлцүүлэгт ерөнхий боловсролын сургуулийн 15 багш, 25 эцэг эх, РС тоглоомын газрын эзэд, үйлчлүүлэгч хүүхдийн төлөөлөл хамрагдсан байна. 
Б.Гэрэлт-Од
関連ニュース