"Инээдмийн дугараа"-г тав дахь жилдээ толилуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-03-29 20:58:45
Баянхонгор /МОНЦАМЭ/. Инээдмийн баяр буюу дөрөвдүгээр сарын нэгний өдрийг угтан Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Ж.Дорлигжав агсны нэрэмжит “Инээдмийн дугараа-2018” хошин үзүүлбэрийн аймгийн уралдааныг тав дахь жилдээ зохион байгуулахаар болжээ.
Энэ удаагийн хошин үзүүлбэрийн уралдааныг аймгийн Хөгжимт драмын театр, МУСТА Ж.Дорлигжав агсны хань, үр хүүхдүүд хамтран Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын албан хаагчдын дунд зохион байгуулж байна. Уралдаан энэ сарын 31-ний өдөр аймгийн Хөгжимт драмын театрт болох бөгөөд байр эзэлсэн үзүүлбэрийг дөрөвдүгээр сарын нэгний 19:00 цагт болох хошин шогийн шоу тоглолтод оролцуулж, шагналыг гардуулах аж.
Нэг сая төгрөгийн шагналын сантай тус уралдаанд нэг байгууллагаас нэг хамтлаг баг болон оролцоно. Хошин үзүүлбэр 10-15 минутын хугацаатай байх бөгөөд сэдэв чөлөөтэй, нийгэмд болж буй үйл явдлыг сургамжтай, хошин хэлбэрээр үзүүлэх шаардлагыг зохион байгуулагчдын зүгээс тавьжээ.
                                                                                                                                                          Б.Мөнхзул
関連ニュース