Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд амжилттай оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-04-04 11:43:00

Баянхонгор /МОНЦАМЭ/. 19 дэх жилдээ болж буй "Ай Ти Эм-2018” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Баянхонгор аймгийн "Тэргүүн говь" жуулчны бааз 20 аж ахуй нэгжтэй, "Говийн тэмээ" жуулчны бааз 10 аж ахуй нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Тус үзэсгэлэнд Баянхонгор аймгаас аймгийн ЗДТГ-ын Гадаад харицаа, аялал жуулчлалын алба болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа амралт жуулчлалын байгууллагууд хамтран оролцсон байна. Мөн үеэр Баянхонгор аймгийн "Тэргүүн говь" жуулчны бааз, "Говийн тэмээ" жуулчны бааз, "Шаргалжуут" рашаан сувилал, "Талын эзэн" ХХК Наад брэнд, "Баянсайр" жуулчны бааз, "Амарамгалан" амралтын газрууд үйл ажиллагаагаа сурталчилж оролцсоноос цөөнгүй ААН-ын нэгжтэй гэрээ байгуулж амжжээ.
Мөн үеэр Гадаад харилцаа, аялал жуулчлалын албаны зүгээс энэ онд гадаад, дотоодын жуулчдад зориулсан аяллын маршрут, хөтөлбөр, эвент арга хэмжээ, аялал жуулчлалын нөөц газрууд, зочлох үйлчилгээний байгууллагуудын мэдээллийн багтаасан нийт 8000 танилцуулгыг үзэсгэлэнгийн зочдод хүргэсэн байна.
Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, олон улсад үзэсгэлэнт байгаль, өв соёлоо сурталчлан таниулах, салбарын хамтын ажиллагаа уялдаа холбоог сайжруулах зорилгоор Улаанбаатар хотоо зохион явуулдаг энэхүү үзэсгэлэнд нийслэл хот болон 21 аймгийн төлөөлөл оролцдогоороо онцлог. Үзэсгэлэнд дотоодын томоохон зочид буудал, жуулчны бааз, амралт сувиллын газар, музей, агаарын тээврийн нийт 250 аж ахуйн нэгжээс гадна БНХАУ, БНТУ, Япон, Солонгос, ОХУ-ын Тува, Буриад улсын төр, хувийн хэвшлийн байгууллагууд оролцжээ.
                                                                                                                Б.Мөнхзул

関連ニュース