"Сэтгэлийн сонсголон" хөтөлбөрийг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-04-04 12:01:26

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Сэтгэлийн сонсголон" хөтөлбөр Баянхонгор аймагт 4-10 дугаар сарыг дуустал буюу хагас жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд хөтөлбөрт хөдөө сумдаас 30, аймгийн төвөөс 15 иргэн хамрагдаж байна.
Тодруулбал, энэ сарын нэгэнд сонсголын бэрхшээлтэй тэдгээр иргэд Улаанбаатар хотыг зорьсон бол өчигдрөөс  Улсын нэгдсэн төв эмнэлэгт нарийн үзлэг, шинжилгээ, оношлогоонд үнэ төлбөргүй хамрагдаж эхэлжээ.

Уг үзлэг шинжилгээний хүрээнд тэдний сонсгол сэргэх боломжтой эсэх нь нарийвчлан тогтоогдох ба сонсгол сэргэх боломжтой өвчтөнүүдийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар эрүүлжүүлэх эмчилгээнд хамруулж, улмаар ирэх есдүгээр сард хагалгааны эмч нарын нэгдсэн баг Баянхонгор аймагт ажиллаж сонсголтой болгох ажил өрнөх юм байна.

Баянхонгор аймгийн Ниймгийн даатгалын хэлтэс, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс, "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв" ТББ-аас тус ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ЗДТГ, Д.Очирбат даргатай УНТЭ, Нэгдсэн эмнэлэгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа аж.

45 хүний байрлах буудал, холбогдох зардлыг Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд шийдвэрлэж өгчээ.

Б.Мөнхзул
関連ニュース