“Үндэсний бичиг үсгийн баяр-2018” арга хэмжээгээр монгол бичгийг сурталчлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-05-15 16:32:00
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 тоот зарлигийг хэрэгжүүлэх, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, үндэсний бичиг соёлоороо бахархах үзэл, ухамсар, эх оронч, хүмүүнлэг үзлийг төлөвшүүлэх, сурах, судлах эрмэлзэл төрүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах өв уламжлалыг сэргээх, сурталчлан таниулах зорилгоор “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” арга хэмжээг Улаанбаатар хотын “Алтай Голд” ХХК, аймгийн Байгаль Орчин, Аялал Жуулчлалын газартай хамтран аймгийн ЗДТГ-ын хурлын танхим, аймгийн Нийтийн номын санд энэ сарын 14-нд зохион байгууллаа.

Энэ өдөр насанд хүрэгчид, ЕБС-ийн ахлах, дунд бүлгийн сурагчдын дунд “”Зөв сайхан бичигтэн”, “Түргэн уншлага”-ын уралдаануудыг тус тус зохион байгуулж, шилдгүүдийг тодруулав. “Зөв сайхан бичигтэн” уралдааны насанд хүрэгчдийн ангилалд тэргүүн байрыг Хайрхан сумын ЕБС-ийн түүх-нийгмийн ухааны багш О.Чулуунбаатар, дэд байрыг Хотонт сумын ЕБС-ийн багш Н.Цэрэн, ЕБС-ийн ахлах насны ангилалд тэргүүн байрыг Хайрхан сумын ЕБС-ийн сурагч П.Одончимэг, дэд байрыг Лаборатори 1-р сургуулийн 10г ангийн сурагч Б.Хосбаяр, ЕБС-ийн дунд насны ангилалд тэргүүн байрыг Эрдэнэбулган сумын Лаборатори 1-р сургуулийн 8а ангийн сурагч Н.Маралмаа, дэд байрыг Лаборатори 1-р сургуулийн 8а ангийн сурагч Б.Энхчимэг нар эзэлж медаль, мөнгөн шагналаар шагнууллаа. Харин “Тод, Зөв, Түргэн” уншлагын уралдаанд нийт 46 оролцогчоос насан хүрэгчдийн ангилалд тэргүүн байрыг Эрдэнэбулган сумын иргэн Н.Оюунгэрэл, ЕБС-ийн ахлах насны ангилалд тэргүүн байрыг Ихтамир сумын ЕБС-ийн 10а ангийн сурагч М.Жавзандулам түрүүлжээ.
Мөн Эрдэнэбулган сумын ЕБС-ийн монгол хэл-уран зохиолын багш, сурагчдын уран бичлэгийн бүтээлийн үзэсгэлэн, аймгийн Нийтийн номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй үнэт, ховор эртний судар, монгол бичгээр хэвлэгдсэн номын үзэсгэлэн гаргаж, уншигч олон нийтэд сурталчилсан байна.
“Үндэсний бичиг үсгийн баяр-2018” арга хэмжээний уралдаанд нийт 126 оролцож, 100-аад хүн сонирхсон байна.
Б.Гэрэлт-Од
関連ニュース