Идэвхтэй алхалтад 1300 гаруй хүн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-06-04 16:24:26
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ЭМГ-аас “Оролцоот нийгмийн эрүүл мэнд” аяны хүрээнд идэвхтэй алхалтын ач холбогдолыг сурталчлах, өглөө алхдаг иргэдийн тоог нэмэгдүүлэх, иргэдийн хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэхэд дэмжлэг болох зорилгоор “Эрүүл байхын төлөө хамтдаа алхацгаая” аяныг 5 дугаар сарын 2-ны өдрөөс 6 дугаар сарын 2 хүртэл нэг сарын хугацаанд явуулж, хаалтыг өнгөрөгч амралтын өдөр Булган уулын энгэрт зохион байгууллаа. 

Аяны хүрээнд эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс бүх байгууллагуудыг хамруулж, алхалтад давхардсан тоогоор 60 гаруй байгууллагын 1300 гаруй хүн хамрагджээ.

6 сарын 2-ны өдөр болсон алхалтын сарын аяны хаалтын үеэр “Явган алхалтын гороо” тэмцээнийг зохион байгуулж, 35 байгууллагын 700 орчим ажилтан, албан хаагчид оролцон, Булган уулыг баруун талаас нь тойрч, Жамганы булаг дээр бариагаа хийж, 3 төрлийн спортын тэмцээн зохион байгуулсан байна.

Байгууллагуудын “Эрүүл мэндийн гороо” явган алхалтанд оролцсон ирц, 3 төрлийн тэмцээний нийлбэр дүнгээр эхний байрт 8-р цэцэрлэг, 2-р байрт 13-р цэцэрлэг, 3-р байрт Ус цаг уур орчны шинжилгээний газар, тусгай байрт Зоонозын өвчин судлалын төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал, спортын хэрэгслээр шагнуулжээ.

Сүүлийн жилүүдэд хөдөлгөөний хомсдол, амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй халдварт бус өвчин, ялангуяа зүрх судасны өвчлөл, нас баралт нэмэгдэж, иргэдийн амьдралын чанар буурахад нөлөөлж байна. Биеийн тамирын дасгалууд дотроос хүний биеийн ихэнх хэсгийг хөдөлгөөнд оруулдаг, тусгай орчин, тоног төхөөрөмж шаардахгүй, тухайн хүнээс ямар нэг техник, ур чадвар шаардахгүй, хүн болгонд хүртээмжтэй, энгийн мөртлөө, үр дүнтэй дасгал бол цэвэрт агаарт идэвхтэй алхах явдал ажээ.
Б.Гэрэлт-Од
関連ニュース