Онцгойгийнхныг орлох сайн дурын бүлэг суманд ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-09-12 11:53:02
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гал түймэртэй тэмцэх сайн дурын бүлэг байгууллаа.
Онцгой байдлын алба байдаггүй зарим сумдад энэхүү гал түймэртэй тэмцэх сайн дурын бүлгийг байгуулснаар гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлж болох ажээ. Иймээс Түшиг сумын Засаг дарга захирамж гарган сумандаа ийнхүү гал түймэртэй тэмцэх сайн дурын бүлгийг санаачлан байгуулсан байна.

Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан аймгийн ОБГ-аас холбогдох мэргэжлийн хүмүүс очиж бүлгийн иргэдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гарсан гал түймрийг унтраах арга ажиллагааны талаар танхимын сургалт өгчээ. Мөн гал унтраах хөөргөн дээр ажиллах, гал унтраах дадлага сургуулийг хэрхэн явуулах анхан шатны мэдлэг олгосон байна. Түүнчлэн эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх талаар танхимын болон дадлага сургуулийг давхар явуулж мэдлэг олгосон байна.
Энэхүү гал түймэртэй тэмцэх сайн дурын бүлэг нь Түшиг сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Улаан Загалмай хороотой хамтран 15 иргэний бүрэлдэхүүнтэй байгуулжээ.
Тус бүлгэмийн үйл ажиллагаанд зориулж сумын иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтын танхим, гал түймэртэй тэмцэхэд шаардагдах багаж хэрэгсэл, усан хөөрөг, хөдөлмөр хамгааллын хувцас зэргийг аймгийн Улаан Загалмайн хорооны хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж өгсөн байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ