Гурван сургууль ажил хаялтад нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-09-13 21:51:59
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн хэмжээнд 7 сургууль нийт багш ажилтнуудынхаа хурлыг хийж  ажил хаях тухай шийдвэр гарч хуулийн хүрээнд ажил олгогч буюу захиралууддаа мэдэгдлээ хүргүүлжээ. Энэ сарын 11-ны өдөр зарим сургууль  ажил хаялтыг Дархан суманд эхлүүлсэн байна.

9 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар Дархан сумын ЕБ-ын 4,9-р сургууль болон Жигүүр цогцолбор сургуулиуд улс орон даяар өрнөж буй ажил хаялтад нэгджээ.
Дээрх гурван сургуулийн нийт 214 багш, ажилчид өөрсдийнхөө эрх ашгийн төлөө нэгдэж хөдөлмөрөө үнэн зөв, шударгаар үнэлүүлэхийн төлөө ажил хаялтад нэгдэж байгаагаа багш нар илэрхийлж байлаа. Багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх нь хамгийн энэ тэргүүнд тавигдах зүйл гэдгийг ч багш нар онцолж байлаа. Өнөөдрийн байдлаар 3 сургууль ажил хаялтад нэгдсэн ч ажил хаях шийдвэрээ сургуулийнхаа удирдлагад танилцуулаад байгаа 4 сургууль байгаа юм.

Дашрамд тодорхой нөхцөл байдлын улмаас байгууллагуудын дэргэдэх ҮЭ-ийн хороод ямарваа нэгэн асуудлыг гишүүдээрээ хэлэлцүүлэх, санал бодлыг сонсох, ажил хаях тухай хурал зохион байгуулах үйл ажиллагааг бие даан, хараат бусаар чөлөөтэй явуулах хуулиар олгогдсон эрхтэй аж. Дээрх сургуулиуд үйлдвэрчний эвлэлийн дотоод журмын дагуу хурлаа зохион байгуулж ажил хаялтад нэгдсэн гэлээ.

Ажил хаялтын талаар ямар нэгэн тайлбарыг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас хийгээгүй байна.
 
Л.Отгонбаатар
 
 

Холбоотой мэдээ