Умард Солонгос устөрөгчийн бөмбөгтэй гэдгийг мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-10 14:42:16

ТОКИО. /TASS/. Умард Солонгос устөрөгчийн бөмбөгтэй байж магадгүй. Ийм зэвсэг байгаа тухай тус улсын удирдагч Ким Жөн Ун үг хэлэхдээ дурдсан байна. Түүний хэлсэн үгийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг уламжилжээ.

“Бид цөмийн болон устөрөгчийн бөмбөгийн хүчтэй цохилтоор тусгаар тогтнол, эх орныхоо нэр төрийг хамгаалах чадвартай цөмийн гүрэн болж чадсан” гэж Ким Жөн Ун хэлсэн байна. Тэрбээр Пхеньян хотын шинэчлэн зассан зэвсгийн үйлдвэртэй танилцахдаа ингэж хэлснийг онцлон тэмдэглэжээ. Умард Солонгосын удирдагч мөн “тус улсын цэргийн аж үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлэх зайлшгүй шаардлагатайг” цохон тэмдэглэсэн байна.

Умард Солонгос үнэхээр устөрөгчийн бөмбөг бүтээсэн эсэхийг албан ёсоор нотлох баримт одоогоор байхгүй байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ