Ш.Шаравдож: Н.Энхбаяр ямар ч албан тушаалд ажиллах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-12-10 16:15:03

МАХН-аас Монгол Улсын Шадар сайдад Н.Энхбаярыг нэр дэвшүүлж байгаатай холбогдуулан тус намын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдорж, МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад нэр дэвшүүлэх шийдвэрийг хэзээ гаргасан бэ? 
-Энэ саналыг хэд хоногийн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө тавьсан. Харин үүнийг МАХН-ын нарийн бичгийн дарга өчигдөр орой зөвлөлдөж, өнөөдөр намын Гүйцэтгэх товчоо хуралдан эцэслэн шийдвэрлэж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад, Ц.Оюунбаатарыг Шадар сайдын үүрэгт ажлаас чөлөөлж, Эрүүл мэнд, спортын сайд болгох хүсэлтийг өргөн барилаа.

-Н.Энхбаярын төрийн албан тушаал хаших эрх нээгдсэн үү?
-2012 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Н.Энхбаярт шүүхээс өгсөн ялыг уучилсан. Тиймээс ялгүй болсон. Харин энэ наймдугаар сард баталсан Өршөөлийн хуулиар бусад иргэдийн адил ялтайд тооцогдох хугацаа нь өршөөгдөж, төрийн алба хаших эрх нээгдсэн. Ямар ч хориг саад байхгүй. 

-Яагаад Шадар сайд болгох гэж байгаа юм бэ? Ямар шалтгаан байна вэ?
-Яагаад болдоггүй юм. Ямар ч албан тушаал дээр МАХН-ын дарга Н.Энхбаяр ажиллах бүрэн боломжтой хүн. Урьд нь ямар албан тушаал эрхэлж байсныг бүгд мэднэ. Тиймээс харшлах зүйл байхгүй, зүй ёсны асуудал гэж бодож байна. 

-Ц.Оюунбаатар Шадар сайдын ажлаа хийж чадахгүй байв уу? Яагаад Шадар сайдаас чөлөөлж Эрүүл мэнд, спортын сайд болгох хүсэлт гаргаж байна вэ?
-Ц.Оюунбаатар Шадар сайд өөрөө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт тавьсан.

-Танай нам МҮАН-тай эвсэж УИХ-д сууж байгаа. МҮАН-тай зөвшилцсөн үү?
-МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн албан ёсны хүсэлт Ерөнхий сайдад очсон байгаа. Тиймээс МҮАН-тай санал нэгтэйгээр шийдвэрт хүрсэн гэж үзэж болно.

-Н.Энхбаяр анх Солонгосоос ирэхдээ Шадар сайдын алба хашихгүй гэдгээ удаа дараа хэвлэлээр мэдэгдэж байсан. Гэтэл яагаад санаагаа өөрчилсөн юм бол?
-Тийм асуудал тавьсан эсэхийг би мэдэхгүй байна. Ер нь улс төрийн намын туршлагаас харахад хамгийн сайн, лидерүүдээ удирдах албан тушаалд тавьдаг, тэр хүн нь сонгуульд удирдаж ордог. Тэр жишгийг л дагасан. Тиймээс Н.Энхбаяр дарга өөрөө хүсэж байгаа эсэх нь чухал биш. Энэ бол намын гишүүдийн байр суурь. Энэ асуудлыг зөвхөн одоо ч биш анх 2012 онд ярьж байсан. Тиймээс гайхаад байх асуудал биш. Засагт хамтарч байгаа л юм чинь намын дарга нар өөрсдөө Засагт орж ажиллах ёстой гэдэг байр суурьтай байна.  

-Шадар сайд Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд, спортын яам руу явуулаад Н.Энхбаярыг оруулж ирнэ гэхээр танай нам хүний нөөцийн дутагдалтай байна гэж ойлгож болох уу?
-Манай нам олон сайн боловсон хүчинтэй. Эрүүл мэнд, спортын сайдад мэргэжлийн хүнийг нь томилуулахаар Л.Жамбалжав эмчийг санал болгосон ч харамсалтай нь Ерөнхий сайд татгалзсан. Үүний дараа хоёр нам нэлээд хэлэлцсэний дараа ачааны хүндийг намын дарга үүрэх ёстой гэж үзсэн. Засгийн хувьд хамгийн том албан тушаал бол Шадар сайд байдаг. Энэ дээр намын даргаа тавих ёстой. 

-Засгийн газарт ийм өөрчлөлт хийх ер нь шаардлага байна уу? Засгийн тогтвортой ажиллагаа хамгийн чухал байгаа энэ үед?
-МАХН Засгийн тогтвортой ажиллагааг хангахад бүх талаар дэмжиж ажиллана. 

-Хоёр сайдын томилгоог Ерөнхий сайд тэгвэл дэмжиж байгаа гэсэн үг үү?
-Тэр талаар одоо хэлэх боломжгүй. 

Н.Гантуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Холбоотой мэдээ