Ирак Истанбул дахь худалдааны төлөөлөгчийн газраа хаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-11 11:24:19

ТЕГЕРАН. /TASS/. Иракийн эрх баригчид Турк улс Зэвсэгт хүчнийхээ суманг улсынх нь хойд нутгийн Найнава мужид оруулсныг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн Истанбул хот дахь худалдааны төлөөлөгчийн газраа хаажээ. Энэ тухай Ираны телевизийн ИРИНН суваг мэдээлсэн байна.

“Истанбул хот дахь худалдааны төлөөлөгчийн газраа Иракийн эрх баригчид хаасан бөгөөд тус газрын ажилтнууд бүгд Туркийг орхиж, Багдад руу буцсан” гэж тус суваг мэдээлжээ.

Иракийн хойд нутгийн Найнава мужийн засаг захиргааны төв болох Мосул хотоос 30 км зайтай оршдог, нутгийн арабууд, туркуудын хүн амын суурин болох Башикт Курдын цэрэгжсэн бүлэглэлийн /пешмерг/ хуаранд 130 цэрэг, танкууд, их буунууд бүхий Зэвсэгт хүчнийхээ суманг Туркийн эрх баригчид энэ сарын 4-нд байрлуулсан билээ. Энэ хуаранд Анкарагийн эрх баригчид террорист “Лалын улс” бүлэглэлийн босогчдод эзлэгдсэн хотууд руу довтлох зорилгоор цэргүүдийг сургаж бэлтгэж байгаа юм.

Иракийн Гадаад хэргийн яам Багдад суугаа Туркийн Элчин сайдыг 12 дугаар сарын 5-нд дуудаж, улсынхаа хойд нутаг дэвсгэрээс цэргүүдээ нэн даруй гаргахыг шаардсан байна. Анкара Багдадын эрх баригчидтай зөвшилцөлгүйгээр цэргүүдээ оруулсан гэж Иракийн Гадаад хэргийн яам мэдэгджээ. Мөн энэ өдөр Иракийн Ерөнхийлөгч Фауд Маасум  анги нэгтгэлээ нэн даруй гаргахыг Туркээс шаардаад, Анкарагийн үйлдлийг “олон улсын хэм хэмжээг зөрчсөн” гэж мэдэгджээ. Тэрбээр цэргүүдээ гаргахад 48 цагийн хугацаа өгсөн бөгөөд хэрэв гаргахгүй бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хандахаа үгүйсгээгүй байна.

Харин Анкара Иракийн эрх баригчидтай зөвшилцсөний үндсэн дээр цэрэг оруулсан гэж мэдэгджээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ