Путин долдугаар сард Японд айлчилж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-12-11 15:06:59

ТОКИО. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины айлчлалыг Японы парламентын дээд танхимын сонгуулийн дараа зохион байгуулах, мөн Японы Ерөнхий сайд Шинзо Абэг Оросын бүс нутгуудын нэгд айлчлах боломжийг тус улсын эрх баригчид судалж байна. Энэ тухай "Майнити" сонинд дипломат эх сурвалжийн мэдээллийг иш татан бичжээ.

Японы Исэ-Шима хотод тавдугаар сард болох “Их 7”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын өмнө Оросын Ерөнхийлөгч тус улсад айлчилж магадгүй тухай мэдээлэл хэвлэлүүдэд урьд нь гарсан юм.

Оросын бүс нутгуудын нэгд ирэх оны хавар хийх Японы Ерөнхий сайдын айлчлалд бэлтгэж байна гэж тус улсын хэвлэлүүд пүрэв гарагт мэдээлжээ.

"Майнити" сонинд бичиж буйгаар, Украины байдал, Оросын Барууны орнуудтай хийж буй харилцаа урьдын түвшинд хэвээр байгаа энэ үед “Их 7”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын өмнө Оросын Ерөнхийлөгчийн айлчлалыг зохион байгуулах нь хүндрэлтэй байна.

“Уг дээд хэмжээний уулзалтын өмнө айлчлалыг зохион байгуулах нь ОХУ-ын хувьд ч таатай биш байна” гэж тус сонинд Засгийн газрын эх сурвалжийн хэлснийг цохон тэмдэглэжээ. Энэ уулзалтад Украины хямралтай холбоотойгоор ОХУ оролцохоо больсон билээ.

Үүний сацуу Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлалыг Оросын хотуудын нэгд зохион байгуулах асуудлыг судалж байгаа аж.

Абэ 2013 оны хавар Москвад айлчилж байсан билээ. Хариу айлчлалыг Путин Токиод 2014 оны намар хийхээр товлосон байсан боловч Украины хямралтай холбоотойгоор олон улсын байдал хурцадсаны улмаас болоогүй юм. Айлчлалыг 2015 онд болгон хойшлуулсан боловч чухам хэдийд айлчлахыг товлоогүй.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ