Шуурхай удирдлагын төвийн салбар нэгж байгуулав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2015-12-11 15:52:41

ДЭМБ-ын  санхүүжилтээр  ЭМСЯ-ны харьяа  Шуурхай удирдлагын төвийн  салбар нэгжийг ХӨСҮТ,  НЭМХ, ЗӨСҮТ-д   шинээр байгуулан  өнөөдөр  нэгэн зэрэг нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд  ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Бат-Эрдэнэ, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др.Су.Ньюнт  болон бусад  албаны хүмүүс оролцов.

 Одоогоос нэг жилийн өмнө Шуурхай удирдлагын төвийг ЭМСЯ-нд ДЭМБ-ын санхүүжилтээр нээж байсан бол өнөөдөр ийнхүү  гурван байгууллагад нэгжийг нээж байна. Энэхүү шуурхай удирдлагын нэгж нээгдсэнээр эрүүл мэндийн аюулгүй байдлын харилцаа холбоо сайжирч,  мэдээллийг түргэн шуурхай харилцан солилцох, туршлага солилцох, дадлага сургуулилт хийхэд чухал ач холбогдолтой юм. 

 Дэлхийн жишигт хүрсэн  видео  хурлыг  орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан  аймаг,  зарим дүүргүүдийн лавлагаа төвүүдтэй богино хугацаанд холбогдох өргөн боломжийг бүрдүүлсэн  ДЭМБ-ын хамт олонд талархлаа илэрхийлж байна хэмээн ТНБД Н.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ онцоллоо.

Мөн ДЭМБ-ын суурин төлөлөгч Др.Су.Ньюн цаашдаа ч эрүүл мэндийн салбарыг бүх талаар дэмжин хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ  уламжлав. Энэ үеэр цахимаар ЗӨСҮТ, НЭМХ-ийнхэн шууд холбогдож эрүүл мэндийн салбарын хувьд дэвшил гарсан томоохон ажил болоод зогсохгүй зөвхөн мэдээллийг дамжуулахаас гадна сургалт зохион байгуулах цаашдын үйл ажиллагаагаа шинэ түвшинд гаргахад   бодит дэмжлэг боллоо хэмээн хэлж байв. 

Түүнчлэн Увс аймгийн Эрүүл мэндийн төвтэй цахимаар холбогдож тус аймгийн Тэс суманд гарсан хордлогын талаар болоод цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл авч хариу арга хэмжээг хэрхэн авч ажиллах талаар заавар зөвлөгөөг  Төрийн нарийн бичийн дарга  Н.Бат-Эрдэнэ өглөө. 

Ж.Болор

 

Холбоотой мэдээ