Б.Батбаяр олон улсын дасгалжуулагчдын сургалтыг удирджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-16 09:59:31

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /United World Wrestling/-ноос Японы Токио хотод “Дасгалжуулагч нарын эрчимжүүлсэн дээд дамжаа” нэртэй сургалтыг зохион байгуулж тус сургалтад дэлхийн 12 орны 30 дасгалжуулагч оролцжээ.

Токио хотноо байрладаг “Ajinomoto National Training Center” үндэсний бэлтгэлийн төвд болсон сургалтаар бэлтгэл сургуулилтыг боловсронгуй болгох олон талт судалгааг хийх замаар илүү өндөр техникийг бөхчүүдэд эзэмшүүлэхэд дасгалжуулагч нарт туслах зорилготой байв. Энэ оны есдүгээр сард АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-ээс олимпийн наадмын эрх авсан 108 бөхийн 400 орчим барилдаанд дүн шинжилгээ хийхэд олон мэхийг угсруулан хийж төгс техник гарган барилдаж байгаа бөхчүүд өндөр амжилт гаргаж байгаа нь ажиглагджээ.

Сургалтыг ДБНХ-ноос томилогдсон монголын эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, АНУ-ын үндэсний эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Тэрри Стейнер, Болгарын иргэн, АНУ-ын дасгалжуулагч Иван Иванов нар удирдан явуулжээ. Германы бөхийн холбооны Техникийн захирал Ж.Замандюридс, мексикийн дасгалжуулагч Д.Лопес, ХБНГУ-ын дасгалжуулагч Гарольд Туннеманн, ДБНХ-ны Шүүгчдийн зөвлөлийн гишүүн, Туркийн иргэн Ибрагим Кикоглю нар дасгалжуулагч нарт туслалцаа үзүүлсэн байна.

Сургалтыг онолын болон дадлагын гэсэн хоёр хэсэгтэй явуулж дадлагын хичээлд японы 16 эмэгтэй бөхийг оролцуулсан байна. Тэдний дотор 4 дэх олимпийн наадамдаа оролцох эрхээ өвөртөлсөн, олимпийн 3 удаагийн, дэлхийн 11 удаагийн аварга Каори Ичо байв.

Япон улсын Засгийн газрын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сайд Хироши Хасе, Японы бөхийн холбооны ерөнхийлөгч Томиаки Фукуда, ДБНХ-ны Товчооны гишүүн Хидияки Томияма нар сургалтын явцтай танилцаж сургалтанд оролцож байгаа дасгалжуулагч, багш нартай ярилцаж санал бодлоо солилцжээ. Сайд Хироши Хасе 1984 онд АНУ-ын Лос-Анжелос хотод болсон Зуны олимпийн наадамд чөлөөт бөхийн төрлөөр оролцож байснаа дурсан ярьж бөхийн спортыг сэргээшээс ангид байлгах талаар санал бодлоо хэлжээ.

Дараагийн сургалтыг Гүрж улсын Тбилис хотод зохион байгуулж тэр сургалтыг Англи, Португалийн дасгалжуулагч нар Гүрж, Азербайжан, Армяны дасгалжуулагч нартай хамтран явуулах юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ