Хөлбөмбөгийн “Евро-2016” тэмцээн Францад 3 дахь удаагаа болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-17 08:56:44

2016 оны Европын хөлбөмбөгийн АШТ-ий шигшээ тоглолтуудын сугалааны ёслол өнгөрсөн бямба гарагт Францын нийслэл Парис хотын Их хурлуудын ордонд болов.

“Евро -2016” тэмцээнд оролцож байгаа 24 багуудаас Исланд, Умард Ирланд, Уэльс, Албани, Словак зэрэг 5 орны баг Европийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтонд анх удаа шалгарч тивийн хөлбөмбөгийн спортын түүхийг шинэ хуудсаар баяжуулж байна.
Тэмцээний 6 хэсэг бүрт багтсан багууд хоорондоо тойргийн журмаар тоглолт хийж эхний байр эзэлсэн 2 баг, хэсэг бүрт гуравдугаар байрт шалгарсан 6 багаас хамгийн олон оноо цуглуулсан 4 баг наймны нэгд шалгарч цааш хасагдах журмаар өрсөлдөнө. “Евро -2016” тэмцээн 2016 оны зургаадугаар сарын 10-долдугаар 10-ны өдрүүдэд Франц улсын Парис, Сен-Дени, Марсель, Лион, Бордо, Сент- Этьен, Тулуз, Ланс, Лилль болон Ницце хотуудад болно. Хэсгийн тоглолтууд 2016 оны зургадугаар сарын 10-22, наймны нэг тоглолтууд зургадугаар сарын 25-27, дөрөвний нэг тоглолтууд зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 3, хагас шигшээ тоглолтууд долдугаар сарын 6-7, алтан медалийн төлөө тоглолт долдугаар сарын 10-ны өдөр болно. “Евро-2016” тэмцээн нь Парис хотын дагуул хот болох Сен-Дени хотод “Stade de France" цэнгэлдэх хүрээлэнд “А” хэсгийн франц, румын улсын шигшээ багуудын тоглолтоор эхэлж долдугаар сарын 10-ны өдөр тус цэнгэлдэх хүрээлэнд болох аваргын төлөөх тоглолтоор өндөрлөнө.

Дашрамд сонирхуулахад, Европын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг 1960 онд Франц улс зохион байгуулж тоглолтууд Парис, Марсель хотуудад тоглолтууд болж тус тэмцээний шигшээ тоглолтонд ЗХУ, Чехословак, Франц, Югославын 4 баг өрсөлдөж ЗХУ-ын баг нэмэлт хугацаанд довтлогч Виктор Понедельникийн Югославын багийн хаалганд хийсэн гоолын ачаар 2:1 онооны харьцаагаар ялж Европын анхны аварга болж байжээ. Франц улс нь Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг дараа нь 1984 онд мөн нутагтаа зохион байгуулсан юм. ХБНГУ-ын баг нь Европын аварга шалгаруулах тэмцээнд 12 удаа оролцсон амжилтаар, Франц улсын довтлогч Мишель Платини 9 гоол хийсэн амжилтаар тус тус тэргүүлж байна. М.Платинийн тогтоосон амжилтыг давах боломж тус бүр 6 гоол хийгээд байгаад Шведийн тоглогч Златан Ибрагимович, Португалийн тоглогч Криштиан Роналду хоёрт байна. Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Испанийн баг 1964, 2008, 2012 онуудад, ХБНГУ-ын баг 1972, 1980, 1996 онуудад тус бүр 3 удаа түрүүлсэн амжилтаар тэргүүлж байна. Францын баг 1984, 2000 онуудад 2 удаа, ЗХУ-ын баг 1960, Италийн баг 1968, Чехословакийн баг 1976, Голландын баг 1988, Данийн баг 1992, Грекийн баг 2004 онд тус бүр 1 удаа түрүүлсэн байна. Европын АШТ-ий шигшээ тоглолтонд 1980 оноос 8 баг, 1996 оноос 16 баг, 2016 оноос 24 баг оролцдог болжээ.

Д.Өлгий

 

Холбоотой мэдээ