“Рио-2016” олимпийн замын зардалд 50 мянган ам.долларын дэмжлэг үзүүлнэ

Монголын мэдээ | Спорт
bolor@montsame.mn
2015-12-18 17:13:43

Монгол Улсын ЭМСЯ, Монголын Үндэсний Олимпийн хороо /МҮОХ/, Монголын Паралимпийн хороо /МПХ/-ны хооронд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт  өнөөдөр  ЭМСС-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, МПХ-ны Ерөнхийлөгч Д.Нямхүү нар гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичигт “Рио-2016” Зуны Олимп, Паралимпийн наадамд Монгол Улсын түүх соёл, ёс заншил, уламжлал, хөгжил дэвшлийг илтгэн харуулсан нэгдсэн загварыг зохиохоор Монголын загвар зохиогчдын дунд сонгон шалгаруулалт зарлан, олон нийтийн саналыг үндэслэн сонгох, стандартад нийцсэн хувцас, хэрэглэлээр үндэсний шигшээ багийг хангах асуудлыг хамтран шийдвэрлэх зэрэг  асуудлыг тусгажээ.

Мөн Олон улсын олимпийн хороо, Олон улсын паралимпийн хорооны ивээл дор зохион байгуулж буй арга хэмжээнд нэгдсэн бодлогоор оролцох асуудлыг хамтран шийдвэрлэхээр харилцан тохиролцов.

Энэ хүрээнд яамны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Монголын Үндэсний Олимпийн хороо хооронд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаас гадна ОУОХ-ны Эв санааны нэгдлийн сангаас Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчдын Олимпийн эрхийн тэмцээнд оролцоход замын зардалд 50 мянган ам.долларын дэмжлэг үзүүлэх хамтын ажиллагааны гэрээг байгууллаа.

Мөн энэ үеэр  Шадар сайд “Нэг сэтгэл-Нэг зорилго”-тойгоор Риогийн тэнгэрт  Монгол Улсынхаа алтан соёмбот далбааг намируулж олон олон олимпийн медалийг авчирна гэдэгт итгэл төгс байна. Шинэ оны босгон дээр ирэх онд болох олимпийн талаар ярилцаж, монголын баг тамирчид монгол дизайнерын бүтээсэн загвараар нэг хувцастай оролцох болно. Тиймээс баг тамирчдаа дэмжин ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүддээ уриалаа.

Ж.Болор

Холбоотой мэдээ