Монголбанкны ерөнхийлөгчийг АТГ-т өгөхөө мэдэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-12-21 14:44:58

УИХ-ын бие даагч гишүүдийн зөвлөл, УИХ-ын гишүүн Г.Уянга хамтран энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх болон зарим анхаарал татсан асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн эхэнд “Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар байр сууриа илэрхийлэв. Халх голыг чөлөөт бүс болгохыг эсэргүүцэж уг тогтоолын төслийн Х.Болорчулуун гишүүн өргөн мэдүүлсэн юм. Тодруулбал Халх голыг чөлөөт бүс болговол татварын хяналтгүй болж, маш олон тооны гадаад хүмүүс орж ирэх нөхцөл бүрдэн, улс доторх улс болж хяналтаас гарах учир хөдөө аж ахуйн бүс нутаг болгох ёстой гэж үзсэн аж. 
Үндсэн хууль, Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийг дэмжихгүй харин Төв банкны тухай хууль, боловсролтой холбоотой хуулиудыг анхаарч ажиллана гэдгийг Ц.Даваасүрэн гишүүн онцлов. Мөн Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд хилийн цэргийн ангиудад гарч байгаа зөрчлийг шалгуулах асуудал оруулахаар төлөвлөжээ. Тодруулбал Увс аймгийн Баруунтуруун сумын хилийн цэргийн ангид 18-20 насны залуус нас барсан асуудлын үнэн мөнийг олох шаардлагатай гэж үзэж байгаа аж. Энэ асуудлаар Батлан хамгаалахын сайдад Ц.Даваасүрэн гишүүн асуулга тавьсан ч хариулт нь нууцын зэрэглэлтэй ирсэн учир нээлттэй хэлэлцэх боломжгүй болжээ. Тиймээс хилийн цэргийн ангиудад нэгдсэн шалгалт явуулах ёстой гэж үзэн байнгын хороонд асуудал тавих болсон байна. 
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээний асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьж байгаагаа мөн энэ үеэр мэдэгдэв. Тодруулбал Оюутолгойн далд уурхайн санхүүжилтын гэрээтэй холбогдуулан Олон улсын MIGA /Multirateral Investment Guarantee agency/ гэх байгууллагатай Монгол Улсын Засгийн газар Улс төрийн эрсдлийн гэрээ байгуулсан аж. Тус байгууллага нь Олон улсын хөрөнгө оруулалтын олон талт баталгааны агентлаг бөгөөд түүнтэй байгуулсан гэрээний нөхцлөөр тухайн улс гүрэнд цэрэг ч оруулж ирэх боломжтой болдог учир Монгол Улс ямар нөхцөлтэй гэрээ байгуулсныг тодруулахаар Ерөнхий сайдад асуулга тавьж буйгаа хэлэв.  
Гацууртын ордын асуудлаар бие даагчдын зөвлөл болон Г.Уянга гишүүн эхлээд тухайн ордын газар нутгийг төрийн тусгай хамгаалалтад авах талаар ярилцаж, шийдвэрлэсний дараа төрийн эзэмшлийн хувийг тогтоох ёстой гэсэн байр суурь илэрхийлэв. Хоёр тэрбум ам.доллараас 200 сая ам.долларын ашиг авахын тулд энэ асуудлыг шийдвэрлэх гэж яарах шаардлагагүй гэдгийг дахин хэлж байлаа. Харин харилцан ашигтай гэрээ байгуулдаг, хариуцлагатай уул уурхай хөгжсөн үед энэ асуудлыг ярилцах ёстой гэв. 
Г.Уянга гишүүн энэ үеэр Оюутолгойн санхүүжилтийн гэрээг дахин шүүмжилж байгаагаа хэлээд энэ гэрээнээс үүдэн Засгийн газрыг огцруулах асуудлаар гарын үсэг цуглуулж байгааг мэдэгдлээ. Мөн Монголбанкны ерөнхийлөгч үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгийг танил тал, доод тушаалын дарга нартаа тараасан гэх мэдээллийг Г.Уянга гишүүн дэлгэж мэдээлсний төлөө энгийн ажилчин залууг “мэдээлэл задруулсан” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг эсэргүүцэв. Тодруулбал Г.Уянга гишүүнийг мэдээлэл хийсний дараагаас тухайн залууг ажлаас нь халж, одоо хэрэг үүсгэн АТГ-т шалгаж байгаа аж. Энэ талаар Г.Уянга гишүүн “Энэ залуугаас мэдээлэл авах нь бүү хэл огт уулзаж байгаагүй. Настай ээжтэйгээ амьдардаг жирийн нэг ажилчин залууг ингэж хэлмэгдүүлж, амьдралыг нь эргүүлж байгаад маш их гайхаж байна. Тиймээс би Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг АТГ-т албан ёсоор шалгуулахаар өгнө. Албан тушаалтнуудын хэргийг замхруулдаг шигээ дахин замхруулах нь уу харцгаая” гэлээ.  

Н.Гантуяа 

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Холбоотой мэдээ